Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригоос зарим асуултад хариулт авлаа.
-Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх болсон шалтгаан нь юу вэ?
-Энэ хууль 2007 онд анх батлагдан гарсан. Гэвч эдийн засгийн хөгжил, улс орны байдлаас шалтгаалж, хуулийг зайлшгүй өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага гарч байна. Ер нь манай салбар, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийн салбар нь Монгол Улсад хамгийн их ажлын байрыг бий болгодог. Эдийн засгийн хүндрэлээс гарах, түүнийг тогтворжуулах асуудлыг бид их ярьдаг. Тэгвэл эдийн засгийн хөгжлөө тогтворжуулах нь дундаа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар юм.
-Салбар яамны харьяанд байдаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрыг агентлаг болгох санал хуулийн төсөлд тусгасан байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Энэ бол зөв санал. Ганц энэ гэлтгүй жижиг, дунд бизнес эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ. Нэр усны хувьд ч гэсэн өөрчлөлт оруулах шаардлага бий. Мөн олгож байгаа зээл, санхүүжилтээс эхлүүлээд ямар үйлдвэрлэл эрхэлж байгаа, ямар аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэл гэх вэ гэдэг асуудлыг хөндөх цаг нь болсон.
-Татварын хөнгөлөлтийн асуудлыг ярьж байна. Хэдэн хувь болгохоор тусгасан юм бэ?
-1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгохоор ярилцаж байна. Одоо бол 10 хувь байгаа. Манай жижиг, дунд бизнес эрхлэгчид ашиг олоод байдаггүй. Гэсэн ч өөрсдийнхөө амьдралыг аваад явчихдаг. Ажлын байрыг бий болгодог. Үүнд л төрийн дэмжлэг хэрэгтэй гэж энэхүү хуулийг оруулж ирсэн байна.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэж бий. Одоогийн байдлаар энэхүү сангаар дамжуулж хэчнээн хүн зээл, тусламж аваад байна вэ?
-Сангаар олгосон зээлийн эргэн төлөлт маш сайн байдаг. Одоогийн байдлаар 98 хувьтай байна. Сангаас бизнес авч байгаа хүмүүсийн зорилго нь тодорхой байдаг. Тиймээс эргэн төлөлт нь сайн байдаг. Энэ ч утгаараа сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр ажлын байраа хадгалахаас гадна нэмж ажлын байрыг бий болгоно.
-Ирэх оны төсөвт Жижиг, дунд бизнес эрхлэх санд хэдий хэмжээний хөрөнгө, мөнгийг төсөвлөсөн билээ?
-Нийт 62 тэрбум төгрөгийг баталсан. Өөрөөр хэлбэл, ирэх оны улсын төсөвт тусгаж өгсөн.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны Улсын төсөвт хэсэгчлэн хориг тавилаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгч өчигдөр хоригоо тавьсан. МАН-ын бүлэг өчигдөр орой яаралтай хуралдаж, шийдвэрээ гаргасан. Хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн.
-Хүлээж аваагүй шалтгаан нь юу вэ?
-Засгийн газрын оруулж, батлуулсан төсөв боломжийн гэж үзсэн.
Б.Чимэг