Оюутолгойн гэрээг шүүмжлэх улс төрчид төдийгүй иргэд ч цөөнгүй байдаг. Тэр дундаа Дубайн гэрээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болсон гэж үзэх хүмүүс ч цөөнгүй. Тэгьэл энэхүү гэрээний талаар зарим нэг хүмүүсийн үзэл бодлыг танилцуулж байна. Оюутолгойн гэрээг байгуулахад манайд гурван боломж байсан байна. Алтан хувьцаа буюу төлбөр төлөхгүй, Хөрөнгө оруулахгүй 34 хувийг хуулийн дагуу үнэгүй эзэмших. Концессын гэрээ байдлаар ашиглах, гуравдугаарт бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар явж болох байсан ажээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: Гүйцэтгэх засаглал хэт дураараа авирлаж Оюутолгойн гэрээг байгуулсан. Шийдвэрийг яаруу давчуу гаргасан. Газрын доорх баялгаа үнэлээд урьдчилан худалдаад, төлбөрөө авах хувилбарыг судалж үз гэсэн. Эдгээр хувилбараас алийг нь ч сонгоогүй. Өнөөдөр баялгаа бусдад өгөөд өөрсдөө өрөнд орж мэдэх эрсдэлтэй байдалд орчихлоо. Оюутолгойн гэрээ муудах тал руугаа явсаар байна.
Эрдэс баялгийн шинжээч Д.Жавхланболд: "Бид гэрээнийхээ нөхцөлөөс чөлөөлөгдлөө" гэж зарлаад, Оюутолгойн 34 хувиа зарчих хэрэгтэй. Батлагдсан гэрээг сүүлд харахад, миний бие анх үзэж байхаас тэс өөр болсон байсан. Нарийн тулгаад тэр заалт нь үүнтэй зөрж байна гэж хэлэх боломж яг одоо алга. Ямартай ч анх ажлын хэсэг дээр хэрхэн 34 хувийг Монголын төр үнэгүй авах тухай ярьж байсан юм. Эсвэл 10-15 хувийг нь үнэгүй аваад үлдсэн хэсгийг нь худалдаж авах ч юм уу, зарчмын асуудлуудыг ярьж байсан.
Сүүлдээ энэ асуудлууд байхгүй болоод 34 хувийг нь төр бүтнээр нь худалдаж авахаар болсон байдаг. Түүнчлэн менежментийн зардал гэдэг зүйл бий. Манайхны чөлөөлсөн менежментийн зардал нь “Оюутолгой”-н толгой компанийн рояалти болчхоод байгаа юм. Ямар ч татвар, хураамж төлөлгүй шууд авч байна гэхээр тэгж үзэж болно биз. Энэ менежментийн зардал гэдэг зүйл анх ерөөсөө яригдаж байгаагүй. Сүүлд сонсох нь ээ, тухайн үеийн Ажлын хэсэг Монголын талаас менежментийн зардлын санааг гаргаж тавьсан гэж ярьдаг юм билээ.
Эх сурвалж Шуурхай.мн