Энэ жилийн хувьд ноолуурын ханш өндөр байх хандлагатай байна. Зүүн аймгаар эхний ноолуур гарч ченжүүд 92-100 мянган төгрөгөөр худалдан авч байгаа аж. Дорнод аймагт ажиллаж буй ноолуурын ченж Т.Ганзориг хэлэхдээ “Шинэ ноолуур бол 100 мянган төгрөгөөр авна. Гэхдээ ноолуурын чанар шинэ хуучнаас хамаарна гэсэн байна. Энэ өвөл зудтай байсан тул үхсэн ямааны хэт эрт самнасан муу ноолуур байж магадгүй гэх мэт асуудал бий. Харин Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 80-90 мянган төгрөгний ханштай байгаа аж. Өнгөрсөн жилийн яг өдийд ноолуур Эмээлт захад 70-75 мянга байсан бол энэ жил 85-90 мянга болоод байна. Төвийн аймгуудаар харин 100-120 мянга хүрэх магадлалтай хэмээн ард иргэд үзэж байна. Ямартаа ч өмнөх жилүүдтэй харьцуулахад ноолуурын ханш өссөн, өндөр үнээр эхэлж байна. Гэхдээ ханш хэд хүрэх, хэр тогтвортой байх эсэх нь тодорхойгүй юм. Ямартаа ч өнгөрсөн оны сүүлээр Хөдөө аж ахуйн бирж анхны форвард арилжааг хийсэн. 11.5 тонн ноолуурыг урьдчилсан захиалгаар арилжсан.
Ингэснээр малчид ямаагаа самнахаас гурван сарын өмнө Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ноолуураа зарж, үнийн эрсдлээс хамгаалах боломж бүрдсэн гэсэн үг. Тодруулбал, малчид урьдчилан хэдэн кг ноолуураа тушаахаа хэлээд, үнээ тохироод, тохирсон ёсоор шинэ ноолуураа тушаана, ченжийн гар дамжуулалгүйгээр шууд үйлдвэрт борлуулах ёстой юм.
Эх сурвалж Шуурхай.мн