Нэг хүнээс хамаарах Хятад улс эмзэг боллоо


Ши Жиньпин албан тушаалаасаа буухгүй, бууж чадах ч үгүй гэдэг нь эртнээс илт байсан. Авлигын эсрэг тэмцсэнээсээ үүдэн хэт олон дайсантай болсон энэ хүн өөрөө хүсдэг байлаа ч буух аргагүй.

БНХАУ-ын даргын албыг хоёр удаа хаших хязгаарлалтыг авч хаяхаар болсон нь одоо ч цочирдом мэдээ. Мао Зэдуны үеийн увайгүй хэтрүүлгээс шалтгаалан Хятадын удирдагчдын засаглах эрхийг тогтолцоонд оруулсан Дэн Сяопиний оролдлогыг ноён Ши хөсөр хаялаа. Оронд нь эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлэхэд чиглэсэн хүчирхэг засаглал дахин тодрох нь. Одоогийн энэ өөрчлөлт “Хятад маягийн Путинизм”-тэй төстэй.

Шийдвэр гарахаас өмнө ч ноён Ши намын удирдагч, ерөнхий командлагчийн албан тушаалаа хязгааргүй хугацаагаар хаших боломжтой байсан. Энэ хүн бусад албан тушаалаа хадгалж үлдээд БНХАУ-ын даргын албан тушаалаа алдвал хэн нь гол хүн байх эргэлзээ үүсэж болзошгүй.

Ноён Ши үүнд дургүйцсэн, магадгүй эрсдэл хүлээхгүй гэж шийдсэн болов уу. Тэрбээр хязгааргүй, хуваагдмал бус эрх мэдэл эрэлхийлж буй хүн. Цэцэглэж буй их гүрний тодорхойгүй ирээдүйг нэг хүний хяналтад өгөх энэ алхмыг зөвтгөх арга бий юу. Сонирхолтой нь байхгүй. Авторитар People’s Daily сонин Үндсэн хуульд оруулах энэхүү өөрчлөлтийг “Нам, улс орон манлайлдаг институц, механизмыг сайжруулахын тулд нам, улс орны урт удаан хугацааны туршлагаас үүдсэн амин чухал арга хэмжээ” хэмээн цохон тэмдэглэв.

Яагаад амин чухал арга хэмжээ байдаг билээ гэвэл Шинэ “тогтолцоог хэрэгжүүлэх нь ХКН-ын Төв хорооны төвлөрсөн удирдлага, эрх мэдлийг бэхжүүлж, нам улс орон, нийгмээ удирдах чиглэл болно” хэмээн тайлбарлажээ. Тэгэхээр нам улс орныг хянаж, ноён Ши намыг хянах нь. Аль алийнх нь хугацаа хязгааргүй. Тэгэхээр сайн л гэсэн бол сайн.

Нөгөөтэйгүүр хамтын удирдлагаас автократ удирдлагад шилжсэн нь эрчимтэй хөгжиж буй Хятад улс 1980-аад оны Өмнөд Солонгос шиг ардчиллын зүг эргэх нь хэмээн найдагчдын урмыг хугалав. Purchasing power parity буюу тэгшитгэсэн худалдан авах чадварын харьцаагаар нь тооцсон нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Хятад улс хэдийнэ тухайн үеийн Өмнөд Солонгосоос үл ялиг илүү гарсан. Өнөөгийн баян чинээлэг автократ улсууд нь газрын тос экспортлогчид юм. Харин Сингапурыг “залж чиглүүлдэг” ардчилалтай улсад тооцож болно.

Олон улсын валютын сангийн судалгаагаар, Хятад улс тэгшитгэсэн худалдан авах чадварын харьцаагаар нь тооцсон нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд 84 дүгээрт буюу Бразил, Доминика хоёрын дунд ордог. Гэхдээ Хятадын эдийн засаг өссөөр байвал их орлоготой, шинэ төрлийн хүчтэй улс төрөх юм.

Ноён Шигийн өсөн нэмэгдэж буй эрх мэдэл энэ өсөлтөд заналхийлэх магадлал бий юу. Магадгүй юм. Автократ засаглал нь улс орныг нэг хүний хяналтгүй мэдэлд шилжүүлдэг. Он жил өнгөрөх тусам ийм төвлөрсөн эрх мэдэл таагүй болж, засаглагч нь бодит байдлаас улам бүр тасран салдаг.

Эдийн засгийн шинэчлэгч болон гарч ирсэн ноён Путин эдүгээ зогсонги авлигач засаглал үүсгэлээ. Эрх мэдэл авлигад идэгдэх хэрээр үнэмлэхүй эрх мэдэл үнэмлэхүй сүйрнэ. “Их үсрэлт”, “Соёлын хувьсгал”-ыг үзэж туулсан нь Хятадын ард түмэнд жинхэнэ үнэнийг ойлгох сургамж болсон юм.

Гэхдээ ухаалаг, алсын хараатай удирдагчид эрх мэдлээ багахан хязгаарлаж, улс орныхоо хөгжлийг өөд татсан онол, туршлага ч бий. Автократ тогтолцоо болж бүтэж ч магадгүй. Гэхдээ л ийм тогтолцоо нь чанарлаг бюрократ уламжлал бүхий Хятад шиг улсад ч эрсдэлтэй.

Автократ тогтолцоо үр дүнтэй байж болно, бас хэрээс хэтэрсэн үйлдэлд ч хүргэдэг талтай. Автократ тогтолцоо нь хувь хүнийг нийтийн болон хувийн орон зайд эрх эдлэх ёстойг хүлээн зөвшөөрдөг улс төрийн тогтолцоо
- ардчиллын ёс суртахууны чанарыг хөсөрдүүлдэг. Ардчилал тун муудаж буйг олон олон хятад хүн эдүгээ ухамсарлах шаардлагатай боллоо. Сүүлийн 20 жилд тохиосон Иракийн дайн, санхүүгийн хямрал, албан тушаалдаа даанч тохирохооргүй Дональд Трамп зэрэг сүйрлээс шалтгаалан ардчилсан тогтолцооны давуу талыг батлахад бэрхшээлтэй болов.

“Ардчилал төгс, сайн зүйл гэж хэн ч хэлэхгүй. Хэрэг дээрээ ардчилал нь урьд өмнө туршиж үзсэн засаглалын бусад хэлбэрийг үл тооцож үзвэл засаглалын хамгийн муу хэлбэр байж таарна” гэсэн Уинстон Черчиллийн үгийг би одоо ч эргэцүүлж сууна. Эцэст нь чөлөөт, шударга сонгуулиар хамгийн өөдгүй, салж өгдөггүй удирдагчдыг тайван замаар авч хаяж болж л байвал ардчилал ардчилсан хэвээр оршин тогтнох болно. Энэ бол чухал үнэ цэнэтэй зүйл. Хятад орон нэг хүний хязгааргүй засаглал руу буцсанаар та бидний ардчилсан тогтолцоо, хэдий хачирхалтай ч коммунизм капитализм хоёрын хооронд өрнөх тогтолцооны өрсөлдөөний эринд дахиад л буцлаа. Хятадын хувьд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн худалдаа, аюулгүй байдал зэрэг чухал асуудалд оролцогч байх нь чухал. Хэрэг дээрээ ийм асуудалд ноён Трампын “Америк эн тэргүүнд” бодлого баримталж буй АНУ-ын байр суурь илүү түгшүүртэй.

Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт, технологи шилжүүлэлт, Хятадын бизнесийн үүрэг зэрэг асуудлыг шийдвэрлэхэд өрнөдийн удирдагч болгоомжтой хандах ёстой. Энд дурдсан салбарт Хятадын бизнесийн шийдвэр нь ХКН, Хятадын төрийн хатуу заавар дор гарна. Үүнийг анхаарахгүй орхиж болохгүй. Ардчилалд автократ Хятад улс түнш болохоос анд нөхөр биш.

Мартин Вульф

Засгийн газрын мэдээ


Энэ мэдээ таалагдаж байвал: