Энэ сарын 21-ний лхагва гаригт Сонгинохайрхан дүүрэгт 60 орчим настай иргэнийг цээж, нуруун тус газар нь 30-аад удаа хутгалж хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарсан талаар манай сайт өчигдөр мэдээлсэн.
Уг хэргийг үйлдсэн этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрынхан болон цагдаагийн байгууллагынхан тэр өдрийн шөнөөс эхлэн хүч нэмэгдүүлэн самналт хийж хайсны хүчинд өчигдөр өглөө Мөрдөн шалгах газрын алба хаагчид баривчилж чадсан юм.
Гэмт этгээд хэдэн настай болох, талийгаачтай ямар хамаатай байсан талаар мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас одоохондоо мэдээлэх боломжгүйг эх сурвалж хэлж байна.
Эх сурвалжаас авсан мэдээллээ товчхон сийрүүлбэл, тухайн өдрийн орой 20:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд айлын гэр шатжээ. Галын дуудлагын дагуу тус дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26-р ангийнхан есөн минутын дотор очиход тэр хавийн иргэд галыг унтраасан байсан аж.
Харин гэрийн гадна 60 орчим настай иргэнийг ийн зэрлэгээр олон удаа хутгалж хөнөөгөөд хутгаа зоолттой чигээр нь орхиод явсан байжээ. Тиймээс онцгой байдлын алба хаагчид эл хэргийн талаар дүүргийнхээ цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албанд мэдэгдсэнээр цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийсэн байна. Улмаар амиа алдсан иргэнийг Чингэлтэй дүүргийн харьяат, 61 настай В гэх хүн байсныг тогтоожээ. Талийгаач тус хашаанд гэр барьж амьдардаг, хашааны манаач байсан аж.
Мөн хэргийн газрын үзлэгээр талийгаач болон гэмт этгээдүүд тухайн гэрт архидан согтуурч, улмаар зодолдсон шинж тэмдэг байсан бөгөөд гэрийн доторх тавилга энд тэнд унаж, эвдэрсэн байснаас гадна 3-4 архины шил эд мөрийн баримтаар олджээ. Улмаар зодооны үеэр гэр нь нурж, гал авалцсан байдалтай байхад нь хавь ойрын хүмүүс унтраасан байна. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй юм.
medee.mn