Ховд аймагт зорчиж очсон 2 иргэн коронавирусийн халдвар байсан нь батлагдаад байгаа юм. Тэднийг өнөөдөр автобусанд хамт явсан иргэдийнх нь хамт Улаанбаатарт онгоцоор зөөвөрлөж авчирч байгаа.
Аймгийн ОБГ-ын дарга Б.Алтанбадралын мэдээлж буйгаар халдвар батлагдсан иргэд Улаанбаатар хотод “Аянчин” зочид буудал, “Хархорин” худалдааны төвөөр явсан маршруттай байна. Шинжилгээ өгсний дараа олон нийтийн газраар их явсан учраас тэр үеэр халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Мөн тэд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нийтийн байранд амьдардаг байжээ. Тэндээс халдвар авсан байж магадгүйг тандан судалж байна гэв.
Иргэдийг хот руу зөөвөрлөх болсон талаар тэрээр "Тухайн хоёр хүн ХӨСҮТ рүү шилжих бол бусад иргэдийг хотод ажиглан тусгаарлахаар болсон. Хоёр иргэний эмчилгээний зардал өндөр гарах учраас халдвар хамгааллын горим тогтоож, туршлагатай газар нь эмчилгээг хийсэн нь дээр байх. Иргэдийг зөөвөрлөх тусгай үүргийн онгоцны зардлыг улсаас гаргана. Халдвартай бүсээс ирсэн эрүүл хүмүүс гэрийн ажиглалтын хугацааг баримталж, төрийн албан хаагчдыг дайчилж, эдгээр иргэдийг хянана. Аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан долоон хүн 41 иргэнийг хоёр автобусанд хоёр метрийн зайтай суулгаж тээвэрлэнэ" хэмээв.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР