Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт дахин газар хөдөлжээ.
Ханх сумын Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газар нэгдүгээр сарын 12-нд 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнээс хойш газар хөдлөлтийн чичирхийлэл бараг өдөр бүр шахам бүртгэгдэж байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гаригт Ханх суманд 11:29 цагт 3.5 магнитуд, 22:18 цагт 3.9 магнитуд, 22:50 цагт 3.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдээд байсан юм.
Тэгвэл өчигдөр /2021.01.24/ тус сумын Хороо багийн Хачим гэдэг газар 00:38 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР