fbpx

Чуулган: Японоос 25.0 тэрбум иений яаралтай тусламжийн зээл авахыг дэмжлээ


Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

    Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулан эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

    Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь,  санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна.

    Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж төсвийн зарлагыг санхүүжүүлэх юм байна.

 Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 69 гишүүний 44 нь 63.8 хувийн саналаар дэмжин, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа. Иймд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийн эцсийн найруулгыг уншиж танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • харамсалтай · [192.82.67.124] · 2020/12/03

    ӨР л тавих юм. ТӨР барьж байгаа хүмүүст өрөө хэзээ төлөх нь сонин биш. ӨР тавьж ХАЛАМЖААР иргэдээ угжихаас өөр санаагүй хүмүүсийг яах вэ?