fbpx

Ачааллаа дийлээгүй гацсан 119.mn цахим хуудсыг мэдээллийн технологийн салбарын шинэ түвшний төсөл гэж сурталчилж байжээ


Шинэ төрлийн коронавирусийн халдвар дотоодод алдагдсанаас монголчууд, Монголын төр олон сорилттой нуур тулж байна. Энгийн жишээ нь нийслэлд гацсан орон нутгийн иргэд нутаг буцахдаа шинжилгээ өгөх явдал байв. Албаны хүмүүс тооцоо судалгаагаа гаргасны дараа олон нийтэд хандаж “Нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 20 цэг байрлуулсан. Иргэн дурын шинжилгээний цэгийг 119.mn цахим хуудаст зочлон сонгож аваад шинжилгээ өгнө. Хариу 8 цагийн дотор гарна. Хариугаа 119.mn цахим хуудсаас авна” гэж мэдэгдсэн.

Харин шинжилгээ өгч эхлээд 2 өдрийн турш иргэдэд багагүй чирэгдэл учирлаа. Шинжилгээ өгөхөөр бүртгүүлэх гэсэн 119.mn цахим хуудас нь ажиллахгүй, гацах, буруу мэдээлэл харуулах, шинжилгээ өгсөн иргэний хариу 24 цаг өнгөрөөд байхад тус сайтад байршаагүй зэргээр асуудал гарав. Өнөөдрийг хүртэл тус сайт ажиллагаагүй байна.

Хоёр, гурван өдрийн туршид иргэдэд хүндрэл учруулсан энэ асуудлыг эцэст нь УОК-ын зүгээс үүрэн телефоны оператор компаниудад санал тавьж өчигдөр шөнөөс эхлэн шинжилгээний хариуг иргэдийн гар утсанд мэдэгдэхээр болов.

Өнөөдөр ЭМЯ-ны шуурхай хурал дээр Шадар сайдын албаны мэргэжилтэн мэдээлэл өгөхдөө “119.mn цахим хуудсыг хөгжүүлсэн компани хариуцлага алдаж иргэдэд хүндрэл учруулсныхаа төлөө удахгүй уучлал гуйна гэсэн. Одоо цахим хуудсыг сайжруулахаар ажиллаж байгаа” гэв.

Иргэдийн цаг хугацааг алдагдуулж, төрийн ажлыг нураасан 119.mn цахим хуудас юу болж таарав. Ямар байгууллага үүний ард байна вэ.

119.mn цахим хуудсыг “Интерактив” гэх компани хөгжүүлжээ. Тус компанийн цахим хуудаст тус цахим хуудсыг хөгжүүлж байгаа төслийн талаар ийнхүү дурдагджээ. Тодруулбал “УОК, Эрүүл мэндийн яам коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, олон талт хамтын ажиллагааг хангах зорилгоор COVID-19 Шуурхай удирдлагын систем-ийг нэвтрүүллээ. Энэхүү систем нь ЭМЯ, ХӨСҮТ, УОК болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүхэлд нь хамруулсан салбар дундын мэдээллийн цогц систем болох юм. Түүнчлэн, гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зориулж гар утасны аппликейшн хөгжүүлж бэлэн болголоо. Тус системийг Интерактив компанийн хөгжүүлсэн Veritech ERP платформд суурилж богино хугацаанд туршиж, нэвтрүүлсэн юм. “Veritech ERP” платформ нь Монголын анхны бизнес процессын загварчлалд суурилсан платформ. Энэхүү платформ Монголын мэдээллийн технологийн салбарын дараагийн түвшин болох програм хангамжийг хатуу код бичихгүй, програм зохиогч оролцохгүйгээр маш богино хугацаанд, хялбар зохион бүтээдэг онцлог давуу талтай бөгөөд энэхүү боломжийг ашиглан “COVID-19 Шуурхай удирдлагын мэдээллийн систем”-ийг хугацаанд хөгжүүлж, туршилт, нэвтрүүлэлтийг амжилттай хийлээ. Уг систем нь гадаад улсаас эх орондоо ирж байгаа иргэдийн мэдээллийг бүртгэхээс эхлэн тусгаарлалт, тусгаарлах байр, гэрээр тусгаарлагдаж дуусах хүртэлх бүхий л процессыг загварчилсан бөгөөд эдгээр ажилд оролцож буй эмч нар, ашиглах эм, тоног төхөөрөмж, хэвтэх эмнэлгийг автоматаар тооцон хуваарилж халдварын үеийн онцгой нөхцөлд оновчтой, шуурхай мэдээллээр ажиллагааны нэгжүүдийг хангаж, салбар дундын цогц мэдээллийн систем болсноороо онцлог юм. .. Систем нь дараах модулиудыг багтаасан: Үүнд....Эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний модуль- Сэжигтэй тохиолдлыг бүртгэх, тусламж үйлчилгээний бүртгэлийг хийх.... гэжээ.

Гэвч өнөөдөр энэ өндөр технологийн систем нь хоёр өдрийн ачааллыг дийлэхгүйгээр ажиллагаа нь зогсоод байгаа юм.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

 


Энэ мэдээ таалагдаж байвал: