Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо үргэлжилж байна. Хуралдаанаар хатуу хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байгаа юм.
Тэгвэл Засгийн газраас коронавирусийн халдвар тархаад байгаа нийслэл Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг 10 хоногоор сунгаж, арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 хүртэл хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Харин халдварын тархалтыг хяналтад оруулаад буй Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул аймаг болон халдвар гараагүй аймгуудад Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бүс нутагт иргэн, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа халдвар хамгаалалтын өндөр хяналтын дэглэмд явуулах боломжтой болох аж. Харин олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээг хориглож байгаа ажээ.
Засгийн газар үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг хэлэлцэж байна. НИТХ-аас үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай 20 төрлийн үйлчилгээний саналыг УОК-д хүргүүлээд байгаа билээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР