fbpx

Н.Мэндсайхан: Бага насны хүүхдийн томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна


Нийслэлийн хэмжээнд угаарын хийн дуудлага нэмэгдэж байгааг албаныхан мэдээлж байна. Есдүгээр сарын 15-аас хойш нийслэлийн хэмжээнд нийт угаарын хийн дуудлага 485 ирж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс 213 нь хүүхэд, 272 нь том хүн байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Агаарын чанарыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал PM2 өмнө жилээс 19 хувь, PM2.5 нь 8 хувь буурсан үзүүлэлттэй. Цаг агаар өмнө жилийн мөн үеэс 0.2 хэмээр хүйтэн байна. Салхины хурд 0,8м/секундээр багаслаа. Нийслэлийн хэмжээнд 30 нөөцийн агуулахад 72 мянган тонн, 28 хангамжийн бааз ажиллаж байна. 2020 оны 10 дугаар сарын 01-20 хооронд 50 мянган тонн түлш тээвэрлэж 35.800 тонн түлшийг борлуулалтын цэгт хүргэж иргэдэд үйлчиллээ” гэсэн бол Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан “Одоогийн байдлаар нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын орны ачаалал 81.9 хувь, хүүхдийн орны ачаалал 68 хувь байна. Энэ нь орны ачаалал хүлээгдэлгүй гэсэн үг юм. Өнгөрсөн долоо хоногт амбулаториор 78 мянган үзлэг хийгдсэн. Үүнээс томуу, томуу төст өвчлөл 3875 буюу нийт үзлэгийнхээ 4.9 хувьд байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 1.9 хувиар нэмэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар нэмэгдэж томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байна.  Өвчлөгсдийн 36.8 хувь нь 0-1 насны буюу бага насны хүүхэд, 26.9 хувь нь 2-4 нас, 15.2 хувь нь 5-9 нас гэх мэтчилэн бага насны хүүхдүүд өвчилж байгаа тул эцэг эхчүүд анхааралдаа авна уу. Хүүхдийн түргэн тусламж нийт 891 дуудлага ирснээс 39.1 хувь нь томуу, томуу төсч өвчлөл байна” хэмээлээ.

Тиймээс хүйтний улиралд томуугийн өвчлөлөөс сэргийлэх арга хэмжээ авч амны хаалтаа зүүж, халуун бүлээн шингэн зүйл тогтмол ууж хэвшээрэй.

Б.ЗАЯА

Эх сурвалж: Shuurhai.mn


Энэ мэдээ таалагдаж байвал: