Нийслэлийн МАН-ын V хуралдаан болж Хотын дарга, НИТХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцэж байна. Хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нэр дэвшсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн байр сууриал илэрхийллээ.
Тэрээр "Манай намын дүрэмд намын дарга Засаг дарга юм уу Ерөнхий сайд болдог зарчим бий. Гэхдээ олны итгэл авсан парламентын гишүүн хүн Нийслэлийн Засаг даргад нэр дэвшвэл яах вэ гэдэг асуудал байна. Энэ асуудлыг намын УЗ-ийн хурлаар нухацтай ярих байх. Хоёрдугаарт, хэрэв хотын дарга болбол УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж таарна. Энэ зарчмын дагуу явна гэж бодож байна.
Хууль зүйн хүрээнд хотын даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэр гаргамагц УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгнө. УИХ хэлэлцээд мэдээж чөлөөлнө. Дараа нь нөхөн сонгууль явагдана. Сонгууль жилд хоёр удаа явагдаж байгаа. Зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт. Энэ хүрээнд сонгууль явагдана. УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан учраас Сонгинохайрхан дүүргийн сонгогчид Их хуралд төлөөлөгчгүй болсон гэж үзэж болохгүй. 2-3 мандаттай учраас бусад гишүүд нь төлөөлөөд явах боломжтой" гэв.
Б.ЗАЯА
Эх сурвалж: Shuurhai.mn