fbpx

Чартераар ирсэн зарим иргэд "Туушин" зочид буудалд хоногийн 110 доллар төлөн тусгаарлагдаж байна"


Дэлхий нийтээр тархсан коронавируст цар тахалтай холбоотойгоор УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг шат дараатай зохион явуулж байна. Улмаар эх орондоо ирсэн иргэдийг 21 хоногийн турш УОК-оос заасан газарт хуваарилан тусгаарлаж байгаа юм. Ингэхдээ иргэд 1.050.000 төгрөг тушаан тусгаарлагдаж байгаа. 

Харин зарим иргэд "Туушин" зочид буудалд хоногийн 110 доллар төлөн тусгаарлагдаж байна. Өөрөөр хэлбэл, хотын төвийн томоохон зочид буудал болох Туушин, Рамада зочид буудлуудын дээд давхруудыг тусгаарлах байр болгосон байна. 

Ингээд "Туушин" зочид буудалд тусгаарлагдаж буй иргэний эхнэр Б.Одончимэгтэй ярилцлаа. Тэрбээр зургаа нийтлүүлэхийг хүсээгүй бөгөөд түүний нөхөр, хүүхэд нь "Туушин" зочид буудалд тусгаарлагдаж байгаа аж. 

-Таны нөхөр, хүү хоёр "Туушин" зочид буудалд тусгаарлагдаж байгаа юм байна. Зэрэглэл өндөртэй зочид буудал учраас тусгаарлалтын төлбөр ч төдий хэмжээнд өндөр байгаа байх. Яагаад "Туушин" зочид буудалд захиалга өгсөн юм бэ. Өөрсдийн зүгээс буудалд тусгаарлагдах хүсэлтэй байсан юм уу, аль эсвэл сонголтгүй байсан уу?

-Билетээ захиалах гээд МИАТ рүү залгатал тусгаарлагдах зочид буудлаа захиалсаны дараа онгоцны билет баталгаажина гэж хэлсэн. Ингээд тусгаарлагдах байраа захиалах гэтэл "Туушин" болон "Рамада" гэсэн зочид буудлууд байсан. Хэдий төлбөр өндөр ч нөхөр, хүү хоёроо авч ирэх нь чухал байсан болохоор "Туушин" зочид буудалд захиалгаа өгсөн. Гэтэл нислэг цуцлагдчихсан. Билетээ захиалж, мөнгөө төлсөн гэдгээ дахин хэлж, дараагийн нислэгүүдийг ЭСЯ-наас лавлахад аравдугаар сарын 14-нд нисэж магадгүй гэж хэлсэн. Энэ нь тус нислэгт багтахаар Бээжинд очсон хүмүүст очих зардал, шинжилгээний мөнгө гээд нэлээн чирэгдэл учруулсан. Ингээд нөхөр, хүү хоёр маань тус нислэгээр эх орондоо ирсэн. Ирээд "Туушин"-д тусгаарлагдаж байна. Аравдугаар сарын 15-ны нислэгээр ихэнхдээ Хятад иргэд ирсэн гэсэн. Цөөхөн монголчууд байсан гэсэн. 

-Аравдугаар сард үйлдэгдэж байгаа нислэгүүд Сөүл-Улаанбаатар руу л үйлдэгдэж байна билээ. Хуваарьт Бээжин-Улаанбаатар гэж байгаагүй дээ? 

-Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин чиглэлд гурван удаа нууцаар нислэг үйлдсэн. Тодруулбал, аравдугаар сарын 3, 8, 15-ны өдрүүдэд нууцаар нислэг хийсэн. Манай нөхөр хүү хоёрын ирсэн аравдугаар сарын 15-ны Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг чартер нислэг биш шүү гэж хэлсэн. Угаасаа аравдугаар сард үйлдэгдэх нислэгийн хуваарьт ч Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэг байхгүй. Тиймээс гайхаад ЭСЯ-д энэ нислэгүүдээ яагаад ил болгохгүй байгаа юм бэ гэхэд чартер нислэг биш шүү л гэж тайлбарласан.

Манай гэр бүл холимог гэр бүл. Өөрөөр хэлбэл, нөхөр гадаадын иргэн, хүүхэд маань Монгол пасспорттой. Цагаан сарын үеэр БНХАУ-д очсон боловч цар тахлын гараад тэнд гацсан. ГХЯ-наас холимог гэр бүл татан авах нислэгийг есдүгээр сараас эхлүүлсэн гэж мэдээлж байсан. Тиймээс чартер нислэгт хамрагдах материалуудаа ГХЯ-нд өгсөн. Гэвч мэдээлэл хоцорч дуулсанаас болж, есдүгээр сард амжаагүй. 

Ингээд аравдугаар сарын 3-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хятад иргэдийг авах талаарх мэдээллийг хятадын сайтаас олж харсан. Ингээд мэдээлэл гарсан даруйд УОК, ГХЯ руу холбогдож лавлахад бүгд өөр өөр хариулт өгч байсан. Үүнээс хойш аравдугаар сарын 8-ны нислэгээр нөхөр, хүү хоёр маань ирэх байсан ч хойшлогдож, аравдугаар сарын 15-ны онгоцоор ирсэн. 

Үүнээс гадна уг нислэгээр Хятад иргэдийг маш олноор нь Монгол руу оруулж байна. Уул уурхай, эдийн засгийн хөрөнгө оруулагчид, багш ажилчид гэх мэт хүмүүс ч үүнд багтана. Хөрөнгө оруулагч чухал хэдий ч өөрийн орны иргэддээ хилээ нээгээгүй мөртлөө харийн иргэдийг олноор нь оруулж ирж байгааг нь гайхмаар. Цар тахлын энэ үед дотооддоо халдвар тархвал хэн хариуцлага хүлээх вэ. Олноор оруулж ирж байгаа Хятад иргэдийн хэн нь ч вирустэй орж ирэхийг үгүйсгэхгүй.

-Чартер нислэг биш юм бол өөрөөр юу гэж тайлбарласан юм бэ?

-МИАТ, ЭСЯ, ГХЯ-наас нислэгийн талаар тодруулж асуухад бүгд зөрүүтэй хариулт өгдөг. Жишээлбэл, аравдугаар сарын 3-ны онгоцыг цуцлагдсан гэж хэлчихээд ниссэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь аравдугаар сарын 3-ны онгоцыг албаны хүмүүс ирж байгаа онгоц учраас ямар нэгэн татан авалт хийхгүй гэж ГХЯ-аас надад хэлсэн. УОК-оос асуухад энэ сард Бээжингийн ямар ч нислэг байхгүй гэдэг. Гэтэл аравдугаар сарын 3-ны тийз захиалахаар МИАТ-ээс асуухад “Нислэг байгаа тухай яригдаж байна, гэхдээ албан ёсны билет захиалга авах тухай мэдээлэл ирээгүй байна” гэсэн хариултыг өгсөн. Албаны хүмүүс ирсэн байсан ч буцахдаа хоосон ниссэн үү гэдгийг тогтооход эргэлзээтэй.  

-Ер нь бол та УОК-ыг бизнес хийгээд байна гэж хардаж байгаа юм байна. Тийм үү?

-Тийм. Цар тахлын хэцүү нөхцлийг далимдуулж бизнес хийж байна гэж харж байна. Жишээлбэл, нислэг цуцлагдлаа гэх үед буудлаа захиалж, УОК-оос нислэгт ямар зочид буудлууд хамаарагдах талаар тусгай утас руу залгаж асуухад “Бидэнд тодорхой мэдээлэл байхгүй байна” гэдгээс өөр тодорхой хариулт хэлдэггүй. Мэдээлэл байхгүй гэсэн мөртлөө нислэгээр ирсэн хүмүүсийг гэрээ хийсэн буудлуудад тусгаарладаггүй тохиолдлууд ч байна. Хоёрдугаарт, нэг хүнийг 1.5 сая төгрөгөөр нислэгт оруулна гэх яриа гарсан, би ч сонссон. Энэ талаар ЭСЯ-д хэлэхэд нотолгоотой зүйл мөн бол гомдол гаргаж, холбогдох байгууллагаар явж болно гэдэг. Үнэндээ хэн надад нотолгоогоо үзүүлэх юм бэ.

-"Туушин" зочид буудалд тусгаарлах байрны төлбөр хэд байна вэ?

-"Туушин" зочид буудалд захиалга өгөхөд том хүн өдрийн 110 доллар, 12-оос доош насны хүүхэд өдрийн 16 доллар гэсэн. "Ramada" зочид буудлын тусгаарлах өрөөний багтаамж дүүрсэн тул одоохондоо хүн авахгүй гэсэн.

-Тусгай нислэгээр ирэх иргэдэд хэд хэдэн шалгуурыг тавьсан. Нөхөр, хүүхдийн тань хувьд яг ямар шалгууруудыг хангасан учраас нислэгт багтаж ирсэн юм бэ?

-Нэгдүгээрт, холимог гэр бүл. Хоёрдугаарт, манай хүүхэд монгол пасспорттай. Мөн нөхөр маань Монгол Улсад албан ёсоор оршин суух үнэмлэхтэй, визэд хугацаа хэтэрсэн зэрэг асуудал огт байхгүй. Энэ мэт шаардлагыг хангасан учраас бүртгэж өгөх хүсэлт тавьсан. Нөхөр маань хүүхдийнхээ асран хамгаалагч гэдгээр ирж байгаа.

-Холимог гэр бүлийг тодорхойлбол?

-Холимог гэр бүл гэдэг нь аль нэг улсын гэрлэлтийн баталгаатай, гэр бүлийн хэн нэгэн нь гадаадын харьяат иргэн байхыг хэлдэг. Манай гэр бүл холимог гэр бүл ангилалд орж явна гэсэн үг.

 

Эх сурвалж: zaluucom.mn


Энэ мэдээ таалагдаж байвал: