Сонгино хайрхан дүүргийн 36 дугаар хорооны иргэн Б.Батбаатар
Орон нутгийн сонгууль бол амьдарч буй хороо, дүүргийнхээ амьдрах орчин, ажиллах нөхцөлийг сайжруулах чухал ач холбогдолтой үйл явдал. Тиймээс иргэд идэвхтэй оролцож, мэргэн сонголт хийх хэрэгтэй. Ах нь олон жил сонгуульд санал өгч, үр дүнг нь харж байгаа хүн. Засаг барьж буй намын гишүүдийг орон нутагт томилж байж л ажил урагшилдаг юм билээ. Эргээд хариуцлага нэхэхэд ч буух эзэн, буцах хаягтай. Зөрүүлээд сонгочихлоор л дөрвөн жил хөгжил, дэвшил хүсэж, хүлээхэд бэрх байдал үүсдэг. Тиймээс хорооныхоо сонгогчдод ч ингэж ухуулж, иргэнийхээ үүргийг гүйцэтгэж яваа.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн Н.Нэргүй
Намайг бага, залуу байхад одоогийнх шиг олон нам, эвсэл байгаагүй. Гэтэл одоо дуртай нь нам байгуулдаг болж. Үзэл бодол, чиг шугам нь таардаггүй юм уу, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг л хоорондоо хагаралдах юм. Ингэхээр улсын ажил урагшлахгүй. Харин засаг төрийн эрх барьж байгаа нам нь хариуцлагатай байж, иргэдийнхээ итгэл, сэтгэлийг хариулах хэрэгтэй.
Чингэлтэй дүүргийн иргэн Х.Үүрцайх
Би орон нутгийн харьяалалтай ч нийслэлд амьдардаг. Гэхдээ нутгийнхаа хөгжил, дэвшлийн төлөө сонгуульдаа оролцож, саналаа өгнө. Залуусыг орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцоосой гэж уриалмаар байна. Эх орон, ирээдүй үеийнхээ төлөө хийх эхний алхам нь санаа өгч, зөв сонголт хийх явдал юм. Харин санал өгөхдөө сонгогчийн мөрийн хөтөлбөр, хийх ажлын тайлан зэрэгтэй танилцана. Намын нөлөөнд ч ач холбогдол өгч, сонголтоо хийнэ. Одоогоор сонгуулийн материал тараагдаж эхлээгүй болохоор уншиж, судалсан зүйлгүй байна.
Сүхбаатар дүүргийн иргэн Д.Одонтуяа
Би аль нэг нам эвслийн гишүүн биш. Ер нь хүнийг нь харж сонголт хийхийг чухалчилдаг. УИХ-ын сонгуулиар эхлүүлсэн ажлыг нь гүйцэлдүүлэхийг хүссэн учир МАН-д саналаа өгсөн. Энэ сонголтоо бататгаж, эцсийн үр дүнг нь харахыг хүсэж байгаа учир орон нутгийн сонгуульд ч энэ намыг нэр дэвшигчийг сонгох бодолтой байна. Гэхдээ мөрийн хөтөлбөртэй нь танилцаж, хувьдаа судалгаа хийнэ. Гэхдээ зарим нэг нам эвслүүд нэгдэж, нэр дэвшиж байгаа нь итгэл төрүүлэхгүй байгаа учир өөр сонголт байхгүй болов уу гэж бодож байна