fbpx

Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ намд цугларсан мөнгөнөөс 5-6 тэрбум төгрөгийг залилсан


Консул асан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр түүнээс зарим асуудлын талаар тодрууллаа. 

-УИХ-ын сонгуулиар АН-ас нэр дэвшигчид 100 сая төгрөг төлж нэр дэвших эрхээ авсанд та нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Мөн та үүнийг залилан гэж хэлж байсан удаатай. Энэ талаараа мэдээлэл өгөөч? 

-Намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ УИХ-ын сонгуульд ялагдсан. Миний, бидний үгэнд оролгүй дураараа дургүй, мөнгөний нам болгосон. Улмаар монголын ард түмэнд дүнгээ тавиулсан. Тэр үед хэрвээ залуучуудынхаа үгийг сонсоод зөв залуусаа, зөв эмэгтэйчүүдээ, зөв хүмүүсээ нэр дэвшүүлсэн бол ингэтлээ ялагдахгүй байсан. 100 гаруй хүн нэр дэвшихээр 100, 100 сая төгрөгөө тушаагаад 10 тэрбум төгрөг намын дансанд төвлөрсөн юм билээ. 

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Ц.Туваан дарга аудит оруулаад 2,3 тэрбум төгрөг дутсан асуудал илэрлээ гэж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагынхны ч мөнгийг өгөлгүй намыг өрөнд оруулсан асуудал байгаа гэж байна. Ингээд нийт 5,6 тэрбум төгрөгийн асуудал ярьсан байна. Би тайлангаа зөв шударга тавь гэж хэлж байсан. Хэрвээ тайлангаа зөв шударга, нээлттэй ид тод тавьж байсан бол намдаа өгсөн мөнгөнийхөө хойноос харамсаад байх юм алга. Гэтэл хэн нэгэн хүн намын нэр барьж залилан хийсэн учир харамсаад байна. Хулгайч луйварчинд өгсөн болохоор эгдүүцээд байна. 

-Орон нутгийн сонгуульд МАХН, ШИНЭ намтай нэгдэж байгааг юу гэж харж байгаа вэ? 

-Бид намаа сольж, урваж шарваж явсангүй. Харин зарим нэг шалтгаанаас болж бие даан нэр дэвшсэн хүмүүс их бий. Гэтэл намаа түгжилдэж, өөр нам байгуулж, саналыг нь хангалттай худалдсан нөхдүүдтэй орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна. Үндэсний хэмжээний намыг жижиг хэмжээний намын хажууд аваачихна гэдэг бол С.Эрдэнэ мэтийн хүмүүстэй шууд хамааралтай. Энэ хүн үлдсэн насандаа намаараа шагайхааргүй их бузар булай зүйл хийлээ.

-Жижиг намуудтай нэгдэж орж байгаад нэлээн бухимдалтай байгаа юм байна?

-Нэр дэвшилт нээлттэй шилэн байх ёстой. Сонгуулийн зардлаа хэрхэн яаж босгож байгааг сайн харах хэрэгтэй. Тэгэхгүй бол бизнесмэнүүдээс баахан хандив авчихдаг. Дараа нь нөгөө хэдийнхээ өрийг төлөх гээд тендер зэрэг олж өгөх гээд явдаг жишээнүүд бий. Тиймээс намын боловсон хүчний сонгон шалгаруулалт ил байх ёстой. Мөнгө нь ч гэсэн ил шилэн байх ёстой. 

-Аудитын шалгалтаар 5-6 тэрбум төгрөг алга болсон гэж байна. Энэ баримтаар нотлогдох уу? 

-Аудит орсон юм билээ. Аудитаар дүгнэлт намын даргын үүрэг гүйцэтгэгчид ирсэн сураг байна. ҮБХ-ны гишүүдэд ирээгүй байгаа. 

-Та ҮБХ-ны гишүүн хэвээрээ юу? 

-Одоогоор намайг хассан тухай ямар нэг шийдвэргараагүй. Жилийн татвар 6 сая төгрөг байдаг. Түүнийгээ төлсөн. Дотоод сонгуулийн төлбөр мөнгөө бүгдийг нь төлсөн. 

Б.Аз


Энэ мэдээ таалагдаж байвал: