fbpx

Ч.Хүрэлбаатар: Ипотекийн зээлийг 6 хувь болгох эцсийн шийдвэр гараагүй байна


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  

-Ипотекийн зээлийг 6 хувь болгох шийдвэр ирэх долоо хоногт албан ёсоор гарах юм шиг байна. Энэ шийдвэр арилжааны банкууд болон эдийн засаг сөргөөр нөлөөлөх үү?

-Ипотекийн зээлийг 6 хувь болгох талаар Сангийн яаманд нарийн ярьсан зүйл алга. Энэ талаар надтай албан ёсоор болон албан бусаар ярьсан хүн байхгүй. Харин энэ асуудлыг судлах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй. 

-Төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулдаг, нэг ажил авчихаад гурван жил гацаадаг асуудал маш их байна. Төсвийн мөнгийн зарцуулалтыг зөв болгох чиглэлээр Сангийн яам ямар дорвитой ажил хийж байна вэ?

-Төсвийн сахилга батыг сайжруулах ёстой. Татварын төлөгчдийн мөнгийг зөв зохистой зарцуулах ч ёстой юм. Төсвийн мөнгийг хууль бусаар, буруу зориулалтаар зарцуулдаг байж болохгүй.  Сангийн яам тодорхой ажлуудыг хийж байгаа гэдгийг ч хэлье. 

-"Саарал жагсаалт"-аас гарах асуудлыг аравдугаар сард эцэслэж ярих юм билээ. ФАТФ-ын мэргэжилтнүүдийг Монголд авчрахын тулд нэлээд зардал гарах сураг байсан. Энэ зардлыг төсвийн мөнгөнөөс гаргах уу?

-Монгол Улс "Саарал жагсаалт"-аас гарах нөхцлөө өнгөрсөн тавдугаар сард хамгаалчихсан. Зургадугаар сард ФАТФ хурлаараа шийдвэрлэчихсэн. Одоо газар дээр нь ирж шалгалт хийх л дутуу байгаа. Цар тахлаас болоод Монголд ирж ажиллахаас татгалзаад байсан. Бид өөрсдөө санаачилга гаргаж ажиллаж, яриа хэлэлцээр ч нэлээд удаан хугацаанд үргэлжилсний эцэст дөрвөн төлөөлөл ирэхээр болсон.  Ирж үзээд, манай танилцуулгыг сонсоод буцна.

-Засгийн газар гадаад зах зээлд бонд гаргах гэж байна гэдэг мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр гарсан.  Тийм төлөвлөгөө байгаа юм уу?

-Бид янз бүрийн хэлэлцээрүүдийг хийгээд, яриад явж байгаа. Бид дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах чиглэлээр ажиллаж байна.  Та нар бод доо, нэг жилийн бондын өр гээд 500 сая ам.доллар төлнө. Дараа нь тэрбум ам.доллар төлөх ёстой. Тэгээд 800, 600 саяыг төлөх ёстой. Жил бүр ийм их хэмжээний өр төлөх нь санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэх магадлалтай. Тиймээс томоохон дүнтэй төлбөрүүдийг бид жигдлэх чиглэлээр яриа хэлцэл хийж байгаа юм бий.  

-Төсвийн орлого одоогоор хэдэн төгрөгөөр тасраад байгаа вэ. Өдөрт 2000 машин нүүрс гаргаж байгаа гэсэн. Төсвийн алдагдлыг ямар хэмжээнд нөхөх боломжтой вэ?

-Төсвийн тодотгол хийж байхад би Монголын эдийн засаг V хэлбэртэй явна гэж хэлсэн. УИХ-ын зарим гишүүд үгүйсгээд байсан. Одоо яг V  хэлбэрээр явж байгаа.  Орлого одоо харьцангуй сайжирч байна. Өдөртөө 2000 машин нүүрс гарч байгаа. 

-Хятадын тал нүүрс авах шаардлагагүй гэсэн шүү дээ?

-Энэ бол хүний л хэлсэн үг. Албан ёсны тийм хэлэлцээр, тохиролцоо байхгүй шүү дээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: