УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон.
Улмаар анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр буруутган ялласан байдаг.
Мөн түүнтэй хамт шүүгдсэн Б.Нямдаваад оноосон 3 жил, Б.Шижиржаргалд оноосон 4 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргана гэдгээ Н.Номтойбаярын өмгөөлөгч мэдэгдлээ.
Түүнчлэн анхан шатны шүүхээс Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Ууганбаяр нарыг 15 сая төгрөгөөр торгосон шийдвэрийг 10 болгож бууруулах шийдвэр гаргалаа.
Б.Аз