Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийв.
"Сонгогчийн нэрсийн жагсаалтад нийт 2'000'396 хүн бүртгэгдсэнээс 1'475'895 сонгогч саналаа өгч, сонгуулийн ирц 73.65 хувьтай байлаа. Санал хураалт явагдаж дууссанаас хойш нийт хэсгийн 50 хүртэл хувьд хяналтын тооллого явуулахаар хуульчилсан байдаг. Сум, дүүргийн сонгуулийн хороодын хэдэн хувьд нь хийхийг шийдсэний дараагаар ажиглагчид санамсаргүй байдлаар тогтоосон.
Нийт 2070 хэсгийн хорооноос 849 хэсгийн хорооны хяналтын тооллого үргэлжилж байна. Хяналтын тооллого хараахан дуусаагүй байгаа. Гэхдээ санал тоолох машины дүн, хяналтын тооллогоос зөрөөгүй. Нийслэлийн зарим хэсгийн хяналтын тооллого одоо хүртэл дуусаагүй.
Санал хураалтын дүнгийн мэдээлэл өнөө өглөө 07.30 минутад албан ёсоор гарч дууссан. Хамгийн сүүлийн хэсгийн хорооноос дүн мэдээ нь ирснээр сонгуулийн дүн эцэслэгдсэн. Хамгийн сүүлд мэдээ нь ирсэн хэсгийн хороодыг дурьдвал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын таван хэсгийн гурван хэсэг нь сумынхаа төв рүү очиж байж мэдээгээ дамжуулдаг.
Эдгээр хэсэг 35-60 км явж дүнгээ танилцуулдаг. Дээрээс нь тус сумын хойд хэсгээр аадар бороо орж үеэр буусны улмаас машин явах боломжгүй болсон байна. Улмаар сумын Онцгой комисс хуралдаж гурван машин, 17 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж, үерт автсан хэсгийг тойрч явуулж байж дүнгээ дамжуулсан." гэлээ.