Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн. Шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг өнөөдөр /2020.05.23/-ны 09:00 цагт товложээ.
Гэвч шүүх хурал долдугаар сарын 3-ныг хүртэл дахин хойшилж, түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна.
Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр өмнөх парламентын үед гишүүн байсан, “Монос”-ын гэх Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг нийтэд дэлгэхээсээ өмнө уг мөнгийг нэхсэнийг тэрбээр хэвлэлд ярьсан бөгөөд Х.Бат-Ялалтын хувьд уг мөнгөө авсныхаа дараа нэр бүхий сэтгүүлчдийн хамтаар задалсан гэж буруутгагдсан.