Энэ сарын 23-нд онлайн тоглолт хийхээр товлоод байсан "Тhe Hu" хамтлаг тоглолтоо цуцалжээ гэх мэдээлэл цацагдав. Тодруулбал тус хамтлагийн тоглолтыг УИХ-ын сонгуультай холбон улстөржүүлэх явдал гарч байгаа учир ийнхүү цуцалсан бололтой хэмээх мэдээлэл байв. Харин үүнийг тус хамтлагийн продюссер Б.Дашдондог худлаа мэдээлэл хэмээн үгүйсгэжээ.
"The Hu" хамтлагийнхан өмнө нь "Уг тоглолт нь улс төрийн зорилго огт агуулаагүй, улс төрийн аль нэгэн хүчний захиалгагүй бөгөөд зөвхөн иргэд, ААН байгууллагуудын сайн санааны үндсэн дээр хандив цуглуулж УОК-т хүлээлгэн өгөх зорилготой болно. Гэтэл уг тоглолтыг зарим нам, улс төрийн хүчин өөрийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах, нэр хүндээ өсгөх зорилгоор хэрэглэх зохисгүй хандлага гаргаж байгаа нь туйлын харамсалтай, бүдүүлэг үйлдэл болж байна. Энэхүү хандивын тоглолт болон сурталчилгааг ямар нэгэн байдлаар улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн мэдэгдэл гаргаж байсан юм.