Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох шүүх хурал цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Гурав хоногийн өмнө буюу зургадугаар сарын 15-нд энэхүү шүүх хуралдаан болоход Д.Ганболд нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, мөн С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьж, шүүх хүсэлтийг хүлээн авч хойшлуулсан. Ингэхдээ шүүхээс шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, “Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах, 10 тэрбум төгрөгийн баталгаа байршуулах, шүүгдэгч Д.Ганболдод мөн арван тэрбумын баталгаа байршуулах, шүүгдэгч С.Баярт авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 5 тэрбум төгрөгийн барьцаа гаргах, шүүгдэгч Б.Бямбасайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хоёр тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Мөн шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, прокуророос Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс Монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.
Эдгээр долоон хүний гурав нь УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа билээ.