Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирус халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж 8.2 сая хүн халдвар аваад байна. Нийт 444 мянган хүн нас барсан бол 24 цагийн дотор 124 мянган хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн нас барсан байна. Өвчлөл өмнөх өдрөөс 14 мянган хүнээр нас баралт 3000 гаруйгаар нэмэгдсэн байна.
Ялангуяа Бразил дэлхийн анхаарлын төвд байна. Бразил улсад 24 цагийн дотор 30 гаруй мянган хүн шинээр өвчилсөн байна. Зарим орнууд өвчлөлийг хяналтандаа авсан гэж зарласан ч дахин гарч эхлээд байна. Тухайлбал, Шинэ Зеланд улс бүрэн хяналтандаа авлаа гэж зарласан боловч гаднаас ирсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн.
ОХУ-д 24 цагийн дотор 8248 тохиолдол бүртгэгдэж нийт өвчлөл 545 мянга болж 7284 хүн нас барсан байна.
Манай улсад ажиглалтад 18 хүн шинээр орж 174 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 24 цагийн дотор 326 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 267 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 23 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээнд илрээгүй.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарч байна. Нэг нь 19 настай Батлан хамгаалах сургуулийн оюутан 33 хоног эмчлүүлэн эдгэрсэн бол нөгөө нь 15 настай сурагч 31 хоног эмчлэгдээд гарч байна.
Нийт батлагдсан тохиолдол 197 байна. Үүнээс 111 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Одоогоор 86 хүн эмчлүүлж байна. 78 хүн хөнгөн, хүндэвтэр 8 хүн байна. ХӨСҮТ-д 129 хүн байна. Дараагийн үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээн авах бэлтгэл ажлаа хийж байна.