Нийслэлийн Онцгой Байдлын газраас УИД-т гарсан гал түймрийн нөхцлийн талаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Б.Мөнхсайхан “Өчигдөр буюу зургадугаар сарын 7-ны өдрийн 16:48 минутанд ЧД-ийн 3-р хороо УИД-т гал гарч байна гэх дуудлага Мэдээлэл,Шуурхай удирдлагын төвд ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын 10-р аврах анги очиход гал түймэр дээврийн хэсэгтээ тархсан байна гэж мэдээлснээр шаардлагатай нэмэлт хүчийг гарган ажилласан. Нийт 8 ангийн 96 алба хаагч дуудлагын дагуу ажилласан. 17:30 цагт галын тархалтыг зогсоож, 21:40 минутанд бүрэн унтрааж дууссан.
Нэмэлтээр гал унтраах ангиудын бэлтгэл ээлж, амарч байсан бүрэлдэхүүнийг дуудаж ажиллуулсан. Гал унтраах зориулалтын 27 автомашин гарч ажилласан байна. Тусгай тоноглол бүхий гэрэл холбооны автомашин, автомеханик, шатны автомашин зэргийг гаргаж, гал унтраах үйл ажиллагааг явуулсан. Долоон хүний амь насыг авран хамгаалж ажиллалаа. 6 давхрын дээвэр дээрээс тав, 5 давхрын цонхноос хоёр хүнийг автомеханик шат ашиглаж, хоёр удаагийн үйлдлээр аюулгүй авсан. Хэргийн газрын үзлэг хийгдэж байгаа учраас шалтгаан тодорхой болоогүй байна.
Нийслэлийн хэмжээнд 15 гал унтраах анги байдаг. Үүнээс гурван ангид нь Өндөр барилгад гарсан галыг унтраах зориуллат бүхий автомеханик шат бий. Барилгын 9 давхар хүртэл автомеханик шатыг ашиглаж аврах үйл ажиллагааг явуулах боломжтой. Одоогоор Монгол улсад гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байхгүй. Харин ирэх жилээс Францын хөнгөлөлттэй зээлийн төслөөр нисдэг тэрэгтэй болохоор яригдаж байгаа” хэмээв.