ХӨСҮТ: Нэг хүнээс вирус илэрч, 21 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа


ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 2016 оронд коронавирусийн халдвар тархаж,  6.5 сая хүн өвчилж, 386 мянган хүн нас баржээ. Өдөртөө л 100 мянган хүн өвчилж, 1-2 мянган хүн нас барж байна. 

Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 8536 хүн шинээр коронавирусийн халдвар авсан. Манай хил залгаа Буриад, Эрхүү, Читид өвчлөл нэмэгдсээр байна. Ялангуяа Эрхүү хотод өвчлөл 120 хүнээр нэмэгдсэн. Манай улсын хувьд нэг хүн шинээр хяналтад орсон.  Одоо ажиглалтад 1780 хүн байна. Архаг хууч өвчтэй 116 хүнд 49 эмч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. 

24 цагийн хугацаанд 119 дугаартай утсанд 300 дуудлага ирж, зөвлөгөө авч, санал, шүүмжлэл ирсэн. Иргэдийн анхааруулж байгаа зүйл нь автобус, тээврийн хэрэгсэлд гар ариутгагч байршуулаагүй, ариун цэврийг маш муу сахиж байна гэсэн. Тиймээс бид нийслэлийн Засаг даргад албан бичиг явуулахаар бэлтгэж байна" хэмээлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны зургадугаар сарын 3-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр,  Дархан-Уул аймгийн нэг лабораторид 469 хүнд шинжилгээ хийснээс 468-д нь вирус илрээгүй. Нэг хүнээс илэрсэн. 5 дугаар сарын  26-ны өдөр Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээгээр илэрсэн. 

Өнөөдөр сайн мэдээтэй. ХӨСҮТ-өөс өнөөдөр 21 хүн эдгэрч гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Үүний 9 нь оюутан, бусад нь ажил үүрэг гүйцэтгэж яваад ирсэн хүмүүс байна.  Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 157 хүн байна.  65 хүн эдгэрч гарсан. Гэрийн ажиглалтад 16 хүн байгаа. Ажиглалтын хугацаа бүрэн дууссан 13 хүн байгаа. Тавдугаар сарын 13, 14-нд ирсэн зорчигчдоос голчлон эдгэрч гарсан. Эмчилгээний хоногийг тооцвол 21-22 байгаа.  Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг бид бүрэн хянаж байна" хэмээлээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: