Австралийн Элчин сайдын яамнаас Монгол Улсад байгаа өөрийн орны иргэдээ 2020 оны зургадугаар сарын 6-нд захиалгат тусгай нислэгээр авч явах болсноо тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлжээ.
Уг захиалгат нислэг энэ сарын 6-ны өдрийн 02:00 цагт Улаанбаатар хотоос Сидней хот руу MIAT онгоцоор явах юм. Уг нислэгт Монгол Улсаас явах хүсэлтэй Австрали улсын иргэн эсвэл байнгын оршин суугч нар хамрагдах бөгөөд холбогдох мэдээллээ [email protected] хаягаар явуулахыг хүссэн байна.
Харин Сидней хотоос Улаанбаатар руу буцах нислэгт тус улсад байгаа монгол иргэдээ авчрах эсэх нь одоогоор тодорхой бус байна хэмээн холбогдох албаныхан хариуллаа. Австрали улсад нутаг буцах хүсэлтэй 1176 иргэн байгаа юм.
Австралид хоолны газар, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ямар нэг хориг байхгүй бөгөөд иргэд хоорондоо 1.5 метрийн зай барьж, хувийн ариун цэврээ сахиж байгаа гэнэ. Тус улсад 7221 халдвар бүртгэгдэж, 103 хүн амь насаа алдсан тоо сүүлийн хоёр сард бараг тогтвортой байна.