ХӨСҮТ: 212 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй


ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны  ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Дэлхийн 216 оронд коронвирус бүртгэгдэж, 6.3 сая хүн өвчилсөн. 377 мянган хүн энэ өвчний улмаас нас барсан байна.  Энэ өвчний улмаас эмнэлэгт 3 сая хүн хэвтэж байна. Сүүлийн 24 цагт 99 мянган хүн шинээр өвчилж, 2000 хүн нас баржээ. ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байгаа. Сүүлийн 24 цагт 9000 гаруй хүн  өвчилсөн байна. Манай олон аймагтай хил залгадаг хотуудад 39-90 хүн өвчилсөн. Хөвсгөл, Сэлэнгэ, Увс зэрэг хил орчмын аймгийн иргэд урьдчилан сэргийлэх нь зүйтэй байна. 

Ухань хотын эрдэмтэд хүн хоорондын зайг барих, амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаах нь вирусээс хамгаалах хамгийн хямдхан арга гэдгийг сануулсан. Африкт Конго улсад эболо вирус дэгдэж эхэлсэн байна. Корона болон эболо гээд хоёр вирус Конгод дэгдсэн нь аюул тарьж эхэлсэн гэдгийг мэдээлж байгаа. 

Иргэдээс дэлгүүрийн худалдагчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол маш ихээр ирж байна. Тиймээс дэлгүүрийн худалдагчид амны хаалт зүүж, бээлий өмсөх хэрэгтэй байгаа юм. Хүнсний үйлдвэр эрхлэгчид, дэлгүүрийн худалдагчид онцгой анхааралтай байхгүй бол ковид-19 вирус хүнсний бүтээгдэхүүний гадаргад 17 хүртэлх цаг тэсэх чадвартайг судлаачид хэлж байна. Дэлхий дахинд коронавирусийн эсрэг судалгаанууд нэлээд үр дүнтэй байгаа юм байна" хэмээлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлан ажиглах байранд 1792 иргэн байна. Нийслэлийн амралт, сувилалууд, тусгаарлан ажиглах байранд 1430 иргэн байгаа. Бусад нь Увс, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудад байна. Тусгаарлан ажиглах байранд байгаа хүмүүсээс багтрааны шинжтэй зовиур хэлсэн хүмүүс цөөнгүй бий. Энэ иргэдэд тухай бүрт нь нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөөд ажиллаж байна. Тусгаарлан ажиглах байруудад 128 эмч ажиллаж, зөвлөгөө өгч, иргэдэд анхаарч байгаа.  Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа хүнд өвчтэй хүмүүсээс коронавирус илрээгүй. Давтан шинжилгээ хийсэн, бас илрээгүй.  Зургадугаар сард тусгай үүргийн онгоцоор 2000 орчим хүн ирнэ гэсэн тооцоолол байгаа. Тэр хүмүүсийг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна. Цэргийн төв эмнэлгийг бүрэн чөлөөлж, ариутгал, халдваргүйтэл хийж байгаа. Бид өмнө нь мэдээлж байсан, коронавирус хүүхдэд олон чиглэлээр зовиур өгч байна гэж. Тиймээс бид хүүхдийн эмч, сувилагчдыг бэлтгэж, сургалт хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Дорноговь, Говьсүмбэр аймагт сургалт хийсэн. Энэ долоо хоногт Увс зэрэг аймгуудад сургалт зохион байгуулж байна" хэмээлээ.  

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны зургадугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймагт салбар лабораторид 212 хүний шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй, бүгд сөрөг гарсан. Тандалтын зорилгоор 3 хүнээс шинжилгээ авсан. ХӨСҮТ-д тусгаарласан 8 хүнээс давтан шинжилгээ авахад вирус илрээгүй. Нийт батлагдсан 185 тохиолдол байгаа. Одоо 141 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.  Өвчилсөн хүмүүсийн 65 хувь нь эрэгтэйчүүд, 35 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Илэрч байгаа гол эмнэлзүйн шинж нь толгой, хоолой өвдөх, амьсгал давчдах, бачуурах шинжтэй байна. Манайд илэрч байгаа тохиолдлууд хөнгөн балархай байгаа учраас эхэн үедээ шинж тэмдэг илрэхгүй байгаа. 

ХӨСҮТ-өөс гарсан 44 хүн "Энх саран" сувилалд дахин тусгаарлагдаж байгаа.  Бид сувилалд байхад нь хоёр, гэртээ гарсны дараа дахиад хоёр удаа шинжилгээ авч байна. Өнөөдрөөс эхлээд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэргүүтэй баг гурав хоног Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа" хэмээлээ.  


Энэ мэдээ таалагдаж байвал: