fbpx

Дарханд “гялтайх ганц хүн”


УИХ-ын 2020 оны сонгуулиар маш олон бие даагч нэр дэвшин өрсөлдөж байна. Манай сайт нэр дэвшигчдийн талаар “ХЭН НЬ ХЭН БЭ” нийтлэлийг цувралаар хүргэж эхэлсэн.

Тэгвэл энэ удаа  Дархан-Уул аймаг буюу УИХ-ын 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж буй Тордайн Ганболдыг онцолж байна.

Хэрвээ уншигчид санаж буй бол тэрбээр нэгэн цагт “Би нэг л өглөө босохдоо Монголын хамгийн их өртэй хүн болчихсон байсан” гэж ярилцлагадаа дурдаж байсан. Гэвч өнөөдөр энэ нийгэмд өөрийн гэсэн эзлэх байр суурьтай, өнгө аястай нэгэн болж чадсан гэдгийг Монголын ард түмэн бүгд мэднэ.

“Алтан Дорнод Монгол” группын ерөнхий захирал тэрбээр гадаад хэлний болон Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн, өнөөгийн бизнесмен залуусын  нэгэн  төлөөлөл. Энэ удаагийн сонгууль УИХ-ын өмнөх сонгуулиудаас нэлээд онцлогтой болох нь гэдгийг уншигчид хийгээд сонгогчид дүгнэж буй. Онцлог гэдэг нь урьд хожид хэзээ ч УИХ-ын сонгуульд 100 гаруй бие даагч нэр дэвшиж байгаагүй гэсэн үг.

Эдгээрийн нэг нь мэдээж бидний нийтлэлийн гол баатар Тордайн Ганболд гэгч залуу. Тэрбээр Дархан-Уул аймагт бие даан өрсөлдөхөө мэдэгдэж 801 хүний гарын үсэг цуглуулсан. Нэр дэвшигчдийг гарын үсгээ цуглуулж байх үеэр намууд Дархан-Уул аймагт нэр дэвших хүмүүсээ ч зарласан. Тодруулбал, МАН-аас Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням, АН-аас  Н.Мөнхдаш, Д.Энхтуяа, Б.Бямбасайхан нар. Яг үнэндээ хоёр нам олонд танигдаагүй, танигдсан ч элдэв асуудалд нэр холбогдсон хүмүүсээ тус тойрог руу илгээсэнд дарханчууд ихэд ундууцаж өөрсдийнхөө үзэл бодлыг сошиалаар илэрхийлж “Энэ удаад намд биш бие даагчдад боломж олгоно” хэмээсэн нь Дарханд сонгууль ямархуу явагдахыг урьдчилан харуулж байна гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл, их сунгаанд энэ хэдэн нөхөр нэг их хол давхихгүй дүр зураг харагдаад байна гэсэн үг. Б.Жавхлан, Б.Баттөмөр хоёрын хувьд УИХ-ын гишүүн гэсэн сэтэртэй ч хийсэн, гавьсан зүйлгүй. Г.Дамдиннямын тухайд “ТЭСО”-гийн гэсэн тодотголоос өөр зүйлгүй. Тиймээс МАН-ынхан тааруухан хүмүүсээ Дархан руу явуулж энэ тойргийг сул хаясан.

Харин АН-ын Н.Мөнхдашийн хувьд “Бурхан Халдун” группын ерөнхийлөгч гэх сэтэртэй. Хэдийгээр Н.Мөнхдаш Дарханы уугуул иргэн ч төрсөн нутагтаа муу нэртэй, луу данстай. Тэрбээр Дарханд 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших байсан ч сонгуулиас өмнө намынхаа н.Баярсайхан гэгч нөхрийг зодож, нэр дэвших эрхээ алдаж байв. Дараа нь 2012 оны сонгуулиар өнжиж, 2016 онд дахин нэр дэвшсэн ч ялагдсан. Энэ удаад түүнийг дарханчууд дэмжихгүй гэдгээ бас л илэрхийлсэн гэх.

Дараагийн хүн нь сэтгүүлч Д.Энхтуяа. Яг үнэндээ АН-ынхан түүнийг ямар бодлого барьж Дархан руу илгээв гэдэг нь одоог хүртэл оньсого мэт байгаа. Учир нь түүнийг дарханчууд огт танихгүй төдийгүй энэ хүн хэн бэ гэх асуултыг нэг нэгнээсээ асууцгаах юм билээ.  Түүний араас бас л Дарханд танигдаагүй хүн нь алдарт Дубайн гэрээний хэрэгт холбогдож Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод байсан Б.Бямбасайхан. Уг нь гайгүй сайн эдийн засагч гэгдэж, “Эрдэнэс Монгол”, “Оюу Толгой” компаниудын ТУЗ-ийн дарга явсан нэгэн.

Хоёр том нам ийм сул хүмүүсээ уг тойрогт илгээсэн учраас бие даагчид цойлоод гараад ирэх боломж харагдаж буй юм. Бид өмнөх нийтлэлүүддээ бие даагчдын нэрсийг дурдсан учраас энэ удаад дахин нурших нь илүүц биз.

Харин Т.Ганболдын хувьд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан, дарханчуудын аж амьдралыг бараг л 10 хуруу шигээ мэддэг хүн гээд хэлчихэд нэг их дэгсдэхгүй. Үүний хамгийн тод жишээ бол Дарханы олон зуун залуус тус үйлдвэрээс ажил амьдралын гараагаа эхэлж өнөөгийн нийгэмд өөдрөг, сайхан амьдарч буй явдал.

Зөвхөн эндээс харахад л дарханчууд Т.Ганболдыг дэмжих нь тодорхой гэж олон хүн хэлж буй учраас  “Дарханд гялтайх ганц хүн” хэмээн нэрийдсэн юм.

Тэр өнөөгийн улс төрчид шиг төрөөс хулгай хийгээгүй, тусгай сангуудаас луйвраар мөнгө аваагүй, өөрийн бор зүрхээрээ бизнесийн салбарт зүтгэж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гэдгийг олон хүн гэрчилдэг.

Саяхан Нийслэлийн төв талбайн өмнөх цэцэрлэгийг 3.2 тэрбум төгрөгөөр засч тохижуулах шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагууд ард иргэдтэй харгалдаж байхад тэрбээр “Би тохижуулъя. Төсвөөс гарч байгаа мөнгөө арай өөр зүйлд зарцуул” гэж хэлсэн ганц хүн нь Т.Ганболд. Мөн тэрбээр 4 хүүхэдтэй, өрх толгойлсон, хэвтрийн өвчтэй эмэгтэйд 2 өрөө орон сууц худалдан авч өгөөд зогсохгүй сар бүрийнх нь хэрэглээг даасан “буянтан”. Түүнд энэ мэтчилэн нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, урлаг, спортын салбарт хийсэн хөрөнгө оруулалт, ажил их бий. Тиймээс л түүнийг “Дарханд гялтайх ганц хүн” хэмээн нийтлэлдээ онцолсон хэрэг.

Эх сурвалж: Erennews.mn


Энэ мэдээ таалагдаж байвал: