Улстөр / 2020/05/18 / 8

Нийгмийн захиалга болсон залуус хүчтэй байна



Улс төр сонирхогч бүхэн нам байгуулж байгааг шууд утгаараа буруутгах аргагүй цаг санж. Монгол Улсын иргэн нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэе, бүр цаашлаад шийдвэр гаргах түвшинд оролцоотой болох сонирхол ч байна. Тийм дээ ч мафижсан улс төрийн бүлэглэлүүдээс зайлсхийж бие даан нэр дэвших, эсвэл шинээр нам байгуулан улс төрд хүч үзэх сонирхол давамгайлж байх шиг. Нөгөө талаар нийгэм үнэхээр шударга ёсыг эрэлхийлж байна гэж бодож болохоор. Гэгээн талаас нь харахад нийгмийн сайн сайхны төлөө “Биеэ засаад, гэрээ засчихсан”, одоо “Төрөө засах” сонирхолтой залуусын эгнээ хүч түрэн орж ирж байна.  Хүч түрж гэхээсээ илүүтэй нийгмийн захиалга гэмээр.

Харин бараан талаас нь харвал Монгол төрийн бүхий л шийдвэр гаргах түвшинд нэгэн насаа элээж ажилласан Н.Алтанхуяг, С.Баярцогт нар бол өнөөх л эрх ашгийнхаа төлөө явж байгаа хэрэг. Нийгмийг өөрчлөх байсан бол тэдэнд өөрчлөх эрх мэдэл нь ч өндөр байв, цаг хугацаа нь ч хангалттай байв. Тэр тусмаа өнөөдрийн мафижсан төрд ажиллаж байгаа бүлэглэлүүд бол бүр ч хэрэггүй. Тиймдээ л Тордойн Ганболд тэргүүтэй залуусын эгнээ хүч түрэн орж ирж байгааг ажиглаж сууна. Нийгмийн захиалга болсон эдгээр залуус дунд эрдэмтэн багш нар ч байна, эдийн засагч, түүхчид ч байна, эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуйн чиглэлийн залуус ч байгаа нь сонгогч олны таалалд нийцэж байгааг нийгмийн салхинаас харж болно. Бид олон удаа сонгууль өгсөн ч өнөөх л хэдэн нөхдөө ээлжлэн парламентад суулгаж байсны горыг амсаад удаж байна. Харин сүүлийн үед нөхцөл байдал улам дордож, чухам юунаас болоод дордоод байгааг мэдэх болсон сонгогчид тэс өөр, шинэ зүйл хүсэх болжээ. Бидэнд долоон удаа сонгосон түшээ ч байна, зургаан удаа сонгосон түшээ ч байна, таван удаа сонгосон түшээ ч байна. Гэтэл бидэнд юу өгөв. Энэ Монгол Улс хаашаа явж байгааг бид мэдэх болжээ. .

Нийт долоон удаа сонгууль өгөхөд түүхэндээ хамгийн олон буюу гурван бие даагч гаргаж ирж байв. Тэд цөөдөөгүй, тэдний дуу хоолой хүчтэй л байсан. “Бие даагчдын зөвлөл” байгуулчихаад хоёр намын хууль бус зүйлийг гаргаж чадаж байсан. Тэд өөрсдөө намын бохир тоглоомд оролцсон гэхэд чамгүй амжилттай явж ирсэн түүхтэйг санах хэрэгтэй. Нэгэн цагт нам дагаж явсан гуравхан нөхөр чадаж байхад боловсрол мэдлэг, ажлын арга туршлага дутахгүй Тордойн Ганболд тэргүүтэй залуус парламентад ядахад бүлгийн хэмжээнд ороод ирвэл энэ нийгмийн шинэчлэлийн төлөө явж чадна, улс төрд байгаа хууль бус зүйлийг ч цэгцэлж чадна гэдэгт ард түмэн итгэж байгаа нь харагдана.

Шуурхай.мн