ЭТНИК ДУУЧИН Д.ШИЖИРМАА: НАДАД УРЛАГ СОЁЛООС ХОЛДОХ ЗАМ БАЙХГҮЙ


 “Этник дуучин Шижирмаа хэмээн олноо танигдаж буй Улаанбаатар чуулгын дуучин Д.Шижирмаатай цөөн хором ярилцлаа.

– Улаанбаатар чуулгын шинэ оны анхны тоглолтын салхийг та “хагалж” байна. Тоглолтын бэлтгэл ажилын талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

– Тийм шүү. Улаанбаатар чуулгын хувьд шинэ оны анхны тоглолтын салхийг надаар хагалж байна. Тоглолт маань энэ сарын 12-нд “Уран урсана” гэх нэртэйгээр үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Park Castle”-д 20:00 цагт болох юм. Ойрдоо бэлтгэл гээд их завгүй байна. Тоглолтонд манай чуулгын хамт олон оролцоно. Миний анхны уран бүтээлийн тоглолт  этник урлагийнх гэдгээрээ бусад уран бүтээлчдийн тоглолтоос илүү ялгарна. Энэ нь язгуур урлагийг орчин үетэй хослуулсанаас гадна би төмөр хуурийг транс хөгжимтэй хослуулан тоглож,  цуур, уртын дуу,  хөөмий зэргийг нэгэн дор тоглох юм.

– Хүмүүст “этник” урлаг хэр их хүрдэг вэ. Манайд энэ урлаг хэр хөгжсөн байдаг юм бол?

– Манайд хөгжсөн шүү дээ. Хүмүүс энэ төрлийг мэддэг болж байгаа. Харин гадны улс орнуудад хүмүүст илүү хүрсэн байдаг. Хөөмийн аялгуу, морин хуур эгшиглэхэд л гадныхан маш гайхаж биширдэг. Монгол гэж хэлэхэд сэтгэл огшиж, эх орноороо бахархах сэтгэл төрдөг.

– Таны хувьд Улаанбаатар чуулгаар овоглоод хэр удаж байна. Түүнчлэн бие даасан тоглолтоо хийх тухайд өмнө нь төлөвлөсөн байв уу? 

-Улаанбаатар чуулгад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Хөгжим бүжиг, СУИС-т сурч байсан. Миний хувьд бусдын адил ажилаа хийгээд цалингаа аваад явъя гэж боддогүй. Уран бүтээлчид үргэлж шинийг эрэлхийлж, урагшаа хөгжиж өөрийгөө хүмүүст таниулж байх ёстой. Гэхдээ уран бүтээлийнхээ бие даасан тоглолтоо энэ оны сүүлд эсвэл 2019 онд хийхээр төлөвлөж байсан. Өнгөрсөн есдүгээр сард би долоон дуутай анхны клипээ гаргасан. Клипээ гаргачихаар тоглолт хийхэд дөхөм болдог. Тиймээс ч өмнөх бүтээлүүдээсээ гадна шинэ уран бүтээлээ хүмүүст хүргэе гэж сар гаруйн өмнө бие даасан тоглолтоо хийе гэж шийдсэн.

– Дуулж, бүжиглэх, хуур татаж хөөмийлөх зэрэг олон авьяасыг нээхэд шаргуу хөдөлмөр, тэвчээртэй зан чухал байх. Та урлагийн гал тогоонд орсон цагаасаа хойш шантрах, ухрах, өөр мэргэжил эзэмшсэн бол гэж бодож байсан удаа бий юу?

-Сэтгэлээр унах үе байдаг. Заримдаа маш завгүй амьдралын хэмнэлээсээ болоод би машин дотроо уйлах ч үе гарна. Энэ бүхэнд миний гэр бүл надад маш их дэмжлэг үзүүлдэг. Тиймээс ухарч, шантарсан өөр мэргэжил бодож байсан удаа нэг ч байхгүй. Би мэргэжилдээ маш их хайртай учираас үргэлж ажилдаа дурладаг.

– Эмэгтэй хүний хувьд хөөмийлөхөд хэр хэцүү байдаг вэ?

– Хэцүү. Жил гаруй оролдож, хөдөлмөрлөсний үр дүнд хөөмийлдөг болсон. Эрэгтэй хүнээс ялгаатай нь маш шингэн хоолой гардаг юм билээ.

– Таны хүүхэд насны мөрөөдөл юу вэ. Дуучин болно гэж боддог байсан уу? 

– Манай гэр бүлийнхэн бүгд л урлагийн хүмүүс. Тиймээс би угаасаа л энэ салбарыг сонгосон. Хүүхэд байхдаа дуулж бүжиглэж эхлээд л Хөгжим бүжгийн сургуульд элсэн орсон. Надад энэ замаар л явах сонголт байсан. Цаашид ч өөр замаар явах сонголт байхгүй. Би илүү их уран бүтээл хийж, өөрийгөө бусдад таниулна гэсэн зорилготой. Урлаг соёлоос гарах гарц надад байхгүй.

– Таны хувцаслалт их өвөрмөц юм. Үндэсний дээлийг орчин үетэй хослуулсан нь гайхалтай. Загварыг нь хэн гаргадаг вэ?

-Хувцаслалтынхаа загварыг нь би өөрөө гаргадаг. Зарим тохиолдолд “Торго” салонтой хамтран ажилладаг. Үндэсний хувцасараа гоёх чинь сайхан шүү дээ.

-Үндэснийхээ хувцасаар гоёхоос гадна та хэр үндсэрхэг үзэлтэй хүн бэ?

-Мэдээж надаар дамжиж хүмүүст хүргэж байгаа уран бүтээл бүхэн минь түүх соёлоо судлахаас эхэлдэг. Тиймээс ч үндсэрхэг үзэл надад байдаг. Биелгээ бүжиг гэхэд л тархиа үргэж ажиллуулж, үйл хөдөлгөөн бүрээ бодож, зохиолоо бүжиг дэглээчтэйгээ ярилцана. Тиймээс биш зүгээр л нэг биелгээ хийх биш шүү дээ. Чингис хаан Бөртэ хатан гэхэд л дүрдээ орж тухайн цаг үе, тэр агуу хүний түүхийг судласнаар бүжгээрээ дамжуулан тэр хүний сэтгэл хөдлөл, хувь хүний зан чанар гээд олон зүйлийг илэрхийлэх учиртай.

-Амьдралдаа баримталдаг зарчимаасаа хуваалцахгүй юу?

– Уйгагүй хөдөлмөрлөх, үргэлж урагшаа тэмүүлэх. Залхуу, хайнга, байх дургүй.

-Анхны бүхэн маш нандин байдаг. Удахгүй болох анхны тоглолтоо хийнэ гэхээр сандарч байна уу?

-Маш их сандарч байна. Гэхдээ маш сайхан болно гэдэгт итгэлтэй байгаа.

Ярилцсанд баярлалаа. 


Энэ мэдээ таалагдаж байвал: