Оюу толгойн гэрээг байгуулсанаас хойш яг арван жил болж байна. Гэрээ ёсоор монголчуудад оногдох ашгийн хувь сураггүй хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, өр тавин байж гэрээнд оруулсан 34 хувийнхаа ашгийг бид ойрхын хорь, гучаад жилийн дотор хүртэх эсэх нь тодорхойгүй болоод байна. Мөн монголчуудад гарз хохиролтой олон асуудлыг гэрээнд өөрчлөлт оруулах замаар шийдэх гэтэл Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто компанийн эзэд УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүнг чуулганааар хэлэлцэхээс урьтаад “Гэрээг өөрчлөхгүй” хэмээн мэдэгдсэн нь монголчуудын араай сэхээлэг, шударга үнэний төлөө зүтгэж буй хэсгийг ихээхэн бухимдуулав. Ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нь уг дүгнэлт болон АТГ, Аудитын газрынхны дүгнэлтүүдийг Рио Тинто-гийн хүсэлтээр өгсөн нь ийнхүү бүр ч гай болов. Энэ хэргээс болоод одоо Д.Дамба-Очир нь ирэх сонгуульд намаасаа нэр дэвших эрхгүй болох эсэх талаар хэсэг шуугиснаа нам жим болох янзтай . Гэхдээ тагнуул, цагдаагийнхан шалгаад нууц задруулсан эсэхийг тогтоож таарна. Ер нь түүний тэрхүү үйлдэл нь ашиг сонирхолын зөрчил мөн эсэх, нууц задруулсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг нэг мөр шалгаж тогтоох нь зөв л дөө.
УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гэгчид нь Рио Тинто компанийн говийн газрын гүний усыг шавхаж дуусах гэж байгаа талаар олигтой юм тусгагдаагүй бололтой. Энэ нь монголчууд цаашдаа өмнийн говьдоо амьд биет оршин амьдрах ямарч нөхцөлгүй болохыг нүдээр үзнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гүний усаа бүрэн шавхаж дууссан говь нутагт өвс ургамал, амьд амьтан үгүй болохыг харах л үлдээд байна.
Рио Тинто нь хил дамнасан авлигын томоохон сүлжээтэй компани гэдгийг зарим нь андахгүй болов уу. Анх Оюутолгойн гэрээ байгуулагдах үеэр Хятадад тус компанийн хоёр менежер авлигын хэргээр саатуулагдан шалгагдаж байсан юм билээ. Энэ тухай Хятадын хэвлэлүүд тухайн үед албан ёсоор мэдээлж байв. Харин манай төр засгийнхан Рио Тинтогийн өмнө навсайтлаа бөхөлзөж, яаран сандран техник эдийн засгийн үндэслэл нь бүрэн хийгдэж дуусаагүй, Монголын талд илэрхий ашиггүй гэрээнд гарын үсэг зурсан юм. Алт, зэсийн баяжмалаас гадна тус ордоос арав гаруй төрлийн ховор эрдэс баялаг дагалдаж гарч буй. Харамсалтай нь тэр бүхнийг Монголын тал хянах боломжгүй гэрээ болжээ. Мөн борлуулалтын орлого, санхүүгийн бусад бүх гүйлгээгээ манай банкны системээс гадуур, хилийн цаана учир битүүлгээр хийж байна. Ийнхүү Рио Тинто нь гэрээ байгуулснаас хойш оффшор бүсэд охин компаниудаа байгуулан тэдгээрээр дамжуулан Монголоос олсон ашиг орлогоо урсгаж байгаа юм. Жишээлэхэд, 2010 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Люксембургийн Вант улсад байгуулсан “Мобеле С.А.Р.Л” компанийнхаа данс руу гэрээнд заагдаагүй, хууль бус үндэслэлээр буюу хууран мэхлэх замаар хоёр тэрбум ам.доллар шилжүүлсэн байлаа. Нэг үгээр хэлбэл, ийм хэмжээний мөнгийг татвараас бултуулжээ. Иймэрхүү байдлаар Монголын баялгийг өөрийн талд илүү ашигтай, бүгдийг цөлмөх тулд “Рио Тинто”, “Айвенхо Майнз” компаниуд анхнаасаа л манай төр, засгийн эрх мэдэтнүүдийг авлига, хээл хахуулиар угжиж байсныг өдгөө зах зухаас нь илрүүлж байх шиг байна.
Дубайн гэрээ гэгчээр монголчуудын хүртэх ашгийг улам холдуулсан Ерөнхий сайд асан Ч:Сайханбилэгийг хууль хяналтынхан яллагдагчаар татаж шалгах нь зүйн хэрэг. Мөн АНУ-д охидынхоо нэр дээр долоон хаус худалдаж авсан Ерөнхий сайд асан С.Баяр, анх гэрээнд гарын үсэг зурснаас хойш Швейцарийн оффшор бүсэд Хятад найзуудтайгаа компани байгуулан, их хэмжээний ам.доллар эргэлдүүлсэн Сангийн сайд асан С.Баярцогт нараас гадна өөр дөрөв таван хүнийг бас авлигын хэргээр саяхнаас шалгаж эхэлжээ. Гэвч АТГ-ын шинээр томилогдсон удирдлагууд тэдгээр хүмүүсийн нэрийг нийтэд зарлахаас болгоомжлон, нууцалж байх шиг байна. Яагаад тэр вэ. Дахиад урьдынх шигээ хэргийг дарж, зөөллөж, замхруулах санаархал уу.
Тухайн жилүүдэд хоёр УИХ, гурван Засгийн газрыг дамжин хийгдсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний төсөл дээр Монголын талаас ажлын хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт ахалж, Сангийн сайд асан С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх нар хамтдаа гарын үсэг зурсан. Харин энэ гэрээ байгуулагдсаны дараа С.Баярцогт, Ерөнхий сайд асан С.Баяр, Л.Гансүх нар гэнэт огцом баяжсан нь ил болж эхэлсэн юм. С.Баярцогт нь Швейцарь дахь оффшор компанийнхаа данс руу 10 сая ам.доллар шилжүүлэн авсан бөгөөд мөн дараа нь тус улсын цагдаагийн байгууллагаас түүний дансанд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр их хэмжээний мөнгө орсон талаар нотолсон байдаг. Оюутолгойн далд уурхайг хөдөлгөх нэрээр Дувайд хийсэн гэрээний хаялгаар Ч.Сайханбилэг нь бас дээрх эрхмүүдээс дутахааргүйгээр гэнэт баяжсан байлаа. УИХ-ын ажлын хэсгийн маргаан дагуулсан дүгнэлтээр тухайн үед УИХ-аар хэлэлцүүлж шийдэлгүй шууд уг гэрээ буюу Дубайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь хууль бусаас гадна монголчуудад ихээхэн хихоролтой нөхцөлүүдийг үүсгээд байгаа юм. Иймээс үүнийг цуцлах хүртэл асуудал яригдаж байна. Цуцлахаас ч өөр яах билээ.
О.Баяр
Шуурхай.мн