"6 хүртэлх насны хүүхдүүдэд шүдний эмнэлгүүд үнэ төлбөргүй үйлчилж байна"


Эцэг эхчүүдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн нэрс тодорч, шаардлагатай хүүхдүүдэд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Хөтөлбөрт хамрагдах эмнэлгийн сонгон шалгаруулалтад 199 эмнэлэг тэнцсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 161 эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээгээ байгуулж, 2-6 насны хүүхдэд үйлчилж байгаа юм байна. Харин 38 эмнэлэг гэрээгээ байгуулаагүй байгаа аж.

Таван жилийн хугацаатай үргэлжлэх тус хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. 

Нээлтийн үеэр, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ "2018 оны наймдугаар сард Монгол Улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг баталсан. Хүүхдүүдийн 87-96.2 хувь нь шүд цооролтой байгаа. Хүүхдийн шүдний эрчим найман хувьтай буюу нэг хүүхдийн аманд ямар нэгэн асуудалтай найман шүд байна.  Түүнээс гадна 5-6 насны хүүхдийн 67.5 хувь нь буюу гурван хүүхэд тутмын хоёр нь эрүү, нүүр орчмын тунгалагийн булчирхайн үрэвсэлтэй байгаа. Ийм байгаа тул тус хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Хүмүүс үнэ төлбөргүй эмчилгээ гэж ойлгоод байна. Төлбөрийг улсын төсвөөс бүрэн гаргаж байгаа юм. Хөтөлбөр таван жилийн хугацаанд 50 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжинэ. Улсын хэмжээнд 442 хувийн хэвшлийн эмнэлэг байна. Үүний 350 нь нийслэлд байгаа. Сонгон шалгаруулалтаар ариутгал халдваргүйжүүлэлт нь баталгаатай, туршлага зэрэг зургаан гол үзүүлэлтийг харж 199 эмнэлгийг сонгосон.  Бусад эмнэлгүүд эдгээр шаардлагыг хангаж байвал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдийг нэг жилийн дотор эрүүлжүүлэх боломжгүй. Тиймээс эхний ээлжид 2-6 насны хүүхдийг хамруулж байгаа. Түүнээс гадна шүдний асуудлаар яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай бол 7-12 насны хүүхдийг гэрээ байгуулсан эмнэлгүүд хүлээж авна" гэсэн юм.

Дашрамд, Үндэсний хөтөлбөрийн санхүүжилт цаашид нэмэгдэх учир эмнэлгүүд ч нэмэгдэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.


Энэ мэдээ таалагдаж байвал: