fbpx Ц.Нямдоржоос ард түмэн цагаан захтан, улаан луйварчин, авилгачдаас салгаж өгөхийг л хүсч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
20 минут 21 секунд

Ц.Нямдоржоос ард түмэн цагаан захтан, улаан луйварчин, авилгачдаас салгаж өгөхийг л хүсч байна

Жудаг

  -Памфлет-

Байнгын ажиллагаатай Улсын Их Хурал байгуулагдаж ажилласан өнгөрсөн 26 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 538 гишүүн сонгогдож ажиллажээ. Тэдгээрээс хамгийн олон удаа буюу УИХ-ын анхны сонгуулиас өнөөг хүртэл долоон удаа тасралтгүй сонгогдсон цор хоёрхон гишүүний нэг нь Ц.Нямдорж юм. 

Чуулганы танхимд хэлд орж, санал бодлоо хуваалцаж эхлэхдээ л тууштай, адтай зан чанараараа бусдаас ялгарч, ёс жудаг ханхлуулсан хатуу ширүүн үг хэллэг нь түүнийг цаг төрийн эргүүлэгт сорж оруулсан билээ. “Гадны тагнуулч” нэрээр барын бамбарыг бага дээр нь дарж сөхрүүлэх гэсэн сөргөлдөх талын оролдлого харин ч эсрэгээрээ, ерээд оны цөс ихтэй залуу улс төрчийг  хат сууж  хатаагдсан түшээ болгон хувиргасаныг өрсөлдөгчид нь одоо хэр огт анзаардаггүй юм. 

Харин элдвээр хэлүүлж, улаан нүүрээ улайстал гөвшүүлээд ч өөрийнхөөрөө зүтгэх  энэ гөжүүд түшээг урваж шарвахыг мэддэггүй, Увсын  мэнгэт хар хэмээн сөрөг хүчнийхэн илтэд тээршаах болсон. Тиймээс мэнгэт хар маань тэднийг дан ганц сөрж биш, зүрх сэтгэлийг нь өдөж сэрээх, хүн чанарыг үе үе сануулах, ер нь жудаг хэмээх ойлголтыг парламентын үгсийн санд оруулж ирсэн байх. 

 

 Нэг үгээр хэлбэл, монгол төрийн зүтгэлтэн, мэргэшсэн парламентч  Ц.Нямдорж бол манай хууль тогтоох дээд байгууллагын өөрийнх нь буй болгосон өнөө цагийн хурц, тод улс төрчийн давтагдашгүй дүр төрхийг шингээсэн өвөрмэц бүтээл юм.

 

Шударга ёсны төлөө долоон голтой амьтан шиг үзэлцэж, адлах тусам хурцлагдаж, чангарч чивчэрсэн энэ төрийн хар хүнээс урьдчилан хэлэхийн аргагүй шийдвэр гарч, гэнэтийн алхам хийхийг таашгүй. Тиймээс улс төр судлаачид, сэтгүүлчид түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан ааш авирыг тайлж унших гэж хэрэндээ хичээж ирсэн билээ. Тийм биз. Цааш нь бичих үү, яахав.

 

1.Төрийг эрүүгийнхнээс цэвэрлэсэн шигээ  цагаан захтнаас салгаж л таарна. 

Олон ургальч үзэл, үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь монголчуудын амьдралын хэм хэмжээ  болтлоо хэвшиж тогтсон, манай ардчиллын үнэт зүйлс гэж гадныханд сайрхаж омгорхох дуртай бид чинь өөрөөр сэтгэж, үзэл бодлоо ил тод, хурц, шулуухан илэрхийлчихдэг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг хүнийх, өөрийнх гэлтгүй гуч орчим жил нүүр нүдгүй балбаж иржээ. 

Зөрүүд хар  дарвинкчин, орондоо хууль засдаг, зурагтгүй түшээ, түрээсийн орон сууцанд толгой хоргодсон сайд, “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийдэг улс төрч гэхчилэн элдвээр утаж, алгын чинээ улаан нүүрийг нь авах юмгүй болтол нь сийчсэн. Адгийн муухай үгээр бөмөгдөж байсан ч өрвөлзөж хадуурахгүй, умалзаж цорвойхгүй,  дуустал сонссон. Ц.Нямдоржоос өөр хүн бол босон суумаар.Тухай бүр дуулиан шуугиан дагуулж, олон хүний цөсийг хөөргөсөн эдгээр мэдээ, мэдээллийг  өнөөдөр  хэн ч тоохоо больж,  ийм  сенсаци моодноос нэгэнт гарчээ.  Хүний олон хүнээ барьдаггүй гэдэг л болж байна. 

Харин тэр үеийн хэзээ ч хуучирч, гуйвуулж болшгүй үнэн бол улс төрчид эрүүгийн элементүүдтэй сүлбэлдэж, холилдсон мафи маягийн бүлэглэлүүд бий болсон явдал байлаа.  Тэд “Ерөнхий сайдын өрөөнд дайрч ордог, Ерөнхийлөгчийг сүрдүүлдэг, УИХ-ын гишүүдийг айлгадаг, заналхийлдэг хэмжээнд очоод байж” гэсэн үлгэр шиг юм ярьдаг. Энэ  үеийг эрүүгийн нөхцөл байдал хүндхэн байсан он жилүүд гэж тодорхойлдог. Үнэндээ ерэн оноос хойш хориод  жилийн хугацаанд Квантуны танхайрал, Гүнтийн буудалцаан, Центрпойнтын зодоон гэх гурван том дуулиант хэрэг мандсан. Тэр үед Ц.Нямдорж хууль сахиулах байгууллагын толгойд гарч ирмэгцээ төрийн төмөр нүүрийг харуулж, тэднийг хумиж авсан нь хөдөлшгүй үнэн юм. 

Тухайн үеийн гэмт хэрэг, зөрчил идэвхжсэн үйл явцыг  хуульчид, сэтгүүлчид янз янзаар тайлбарладаг ч түүний учир шалтгаан нь нийгмийн шударга ёсны зарчим алдагдаж, амьдралын утга учир, үнэт зүйлс өөрчлөгдсөнөөс улбаатай байлаа. Тиймээс ардчиллын эхний жилүүдэд захиргаадалт хэмээх ажлын арга барилд бүх бурууг чихэж, дур зоргоороо аашлахыг эрх чөлөөт амьдралын үндэс, ардчиллын амин сүнс мэтээр ойлгож, бүхнийг мөнгөөр үнэлэх үзэл санаа хаа сайгүү халдварлан дэлгэрч байлаа. Нийгмийн сэтгэл зүйн ийм савалгаатай, тогтворгүй, эгзэгтэй үед Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн яамыг тэргүүлэхдээ төрийн төмөр нүүрийг шударга ёсны хуурайгаар өнгө оруулахаас өөр арга байгаагүй юм.

“2000 оны үед рецедив гэмт хэрэгтнүүдийг цэгцлэхэд амархан байж. Ганц далайлтаар бүхнийг байранд нь тавьж болж байлаа. Харин цагаан захтнууд бол түүнээс хэдэн арав дахин хүчтэй, нарийн сүлжээтэй, хэвлэл мэдээлэл, шүүх, прокурорыг тэр чигээр нь эрхэндээ оруулчихсан, хэцүүхэн байдаг юм байна” гэж түүнээс хойш ярьсан удаатай. Тэрхүү үгийн утга санаа өнөөдөр улам тодорч, авилгачид, луйварчид, олигархиуд, популистуудын даварсан цаг үе оргилдоо хүрээд өөрөө дэлбэрч байх шиг байна.

 

Улсын   Их   Хурлын   гишүүдийн   бүрэлдэхүүн   дотор бизнесийн төлөөлөл ойролцоогоор 1992 оны сонгуулиар бараг 0 хувьтай байснаа 1996 оны сонгуулиар 18 хувь, 2000 оны сонгуулиар 23 хувь, 2004 оны сонгуулиар 46 хувь, 2008 онд 60 гаруй хувьд хүрч, парламентын бүтцэд чанарын эрс өөрчлөлт гарчээ. Харин 2012, 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд энэ үзүүлэлт парламентын бүрэлдэхүүний 70-80 хувьд хүрч, зарим гишүүний жилийн орлого хэдэн тэрбум төгрөгөөр тооцогдох болсоныг гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг нотлон харуулж байна. Энэ судалгаа шилжилтийн үеийн нэгэн гаж үр дүнг харуулж байгаа хэрэг юм. Иргэд  хувийн өмчтэй болсноор ийм өсөлт гарах нь зүй ёсны боловч өмчийн эзэд төрийн эрх мэдэлд олноор гарах болсонд улс төрийн дүгнэлт хийж, гарч болох үр дагаврыг тооцохыг шаардаж байна.

Улс  төрд  бизнесийн хүрээнийхэний эзлэх орон зай нэмэгдэж тэлэхийн хэрээр  төрд итгэх ард  иргэдийн итгэл суларч, шүүмжлэл эрс нэмэгдэж байна. Өмчийн эзэд улс төрийн эрх мэдлийг авах явдал нэмэгдсэнээр шударга ёсны  үзэл санаа өнгөө алдан, дээр доргүй хяналт, хариуцлага суларч, бүхнийг худалдаж авч болно гэсэн санаархал газар авч, нийгмийн ёс зүйд ноцтой гэм, согог учруулж байна. 

 

Одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос ард түмэн олон юм хүсэхгүй. Түүнээс зөвхөн монголын төрийг эрүүгийнхнээс цэвэрлэсэн шигээ цагаан захтан, улаан луйварчин, авилгачдаас салгаж  өгөхийг л хүсч байна.

 

“Төртэй байхын утга учир бол ядарсныг тэтгэж, задарсныг дарж явахад оршино” гэж Ц.Нямдорж хэлсэн нь учиртай.  С.Зоригийг хөнөөсөн хэрэг болон 'Эрдэнэт' үйлдвэрийн  асуудал дээр хамгийн их дугарч, шударга үнэний дуу хоолой болж, жудагтай эрийн шийр зааж байна.  Тэрээр хэлсэндээ хүрч, улс төр, бизнесийн бүлэглэлтэй нүүр тулж эхэлсэн нь хүслийг хясах гачлантай хэцүү тулаан болж хувирч байна.

  Хууль хулгайлдаг, ёс зүй хулгайлдаг, зарчим хулгайлдаг, Үндсэн хууль хулгайлдаг цагаан захтнууд жижиг дунд үйлдвэр эрхэлэгчдийг цөлмөж эхэлжээ. Монголын төр хулгайч нарын өмнө сөхрөх ёсгүй. Монголчууд олон юм хүсдэггүй. Зүгээр л жаахан шударга байгаач гэдгийг хүсч байна. Түүнээс биш, хоногийн хоолоо төрөөс гуйдаг  монгол хүн гэж байхгүй. 

Шазруун, хэгжүүн, зэвүүн, хэлэмгий энэ улстөрч үргэлж л тэмцэл хийсээр өнөөдрийг хүрсэн. Эрдэнэтийн 49 хувийн эзэмшлийг луйврын аргаар хувьдаа завшсан гэж нэр бүхий цагаан захтныг тэр зарласан. Мэдээж хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч тэр няцаагүй. Эцэст нь, “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын хувийн хэвшлээс төрийн мэдэлд шилжүүлэн авах шийдвэр гарсан билээ. Үнэнийг худлаар эвдэж, худлыг үнэн болгож хувиргадаг цагаан захтнуудыг ерээд оны эрүүгийнхэний хувь тавилан угтаж байх шиг. Нам дамжсан цагаан захтнууд үүрээ хөндүүлсэн шоргоолж мэт хөдөлгөөнд орж цэвэрлэгдэж эхэлжээ. Жаргах цагт сэрэх, зовох цагт хатуужих хэрэгтэй. Тийм биз, үгүй юм уу.

 

2.Үхэр тэргээр туулай гүйцэж л таараа, харж л байгаарай! 

Монголын төр зүтгэсэн хүндээ халтай ч УИХ-ын зургаа дахь даргаар  сонгогдож ажилласан хоёр жилийн хугацаанд Ц.Нямдорж  нь өмнөх спикерүүдийн дунд өөрийн гэсэн өвөрмэц содон дүр төрхтэй, улс төрийн нэн сонирхолтой фигур болчихсон байлаа. Тэрээр чуулганы хуралдааныг гол төлөв ярвайсхийж удирдана. Барагтай юманд сэтгэл татагдаж хөдөлдөггүй тул гишүүдийн дургүйг хүргэх нь  нэлээд түгээмэл. Тийм ярвагар хүйтэн, хөндий юм уу гэвэл үгүй, харин ч сэтгэлийн торгон мэдрэмжтэй, маш нарийн зүйлийг ажиглана. Түүний сэтгэлийн хөөрөл нь гадаад дүр төрхөөр илэрч гарна гэж бараг үгүй. Ярвагар царайны цаана баярлах, гомдох, уурлаж бухимдах, хөөрч омгорхох үзэгдэл ээлжлэн сэвэлзэнэ. Хөмсөг зангидан уцаарлахтай зэрэгцээд сэтгэлд нь нар гийж л байна. Тэр өөрийнхөөрөө “ярьж” бусдын дургүйг хүргэх нь энүүхэнд.

 Үүнийхээ ачаар эргэн тойрныхоо хүмүүстэй харилцах, хамтран ажиллах явцад бусдыг өдөж, шинэ сэдэл санаа төрүүлнэ. 

Үйл явдлын учир начрыг тунгааж, цагийн байдалд үнэлэлт өгөх онцгой чадвартай. Зөн совиндоо  найдсан дотоод мэдрэмж нь амьдралын туршлага, олж авсан мэдлэгийн түвшинтэй нь хосолж шалтгаан, үр дагаврын уялдаа холбоог танин мэдээд байх шиг. Зарим үед эрсдэлтэйг нь мэдсээр байж зоригтой алхам хийгээд байх нь ажиглагдана. 

Мэдлэг, чадвартаа эрдсэн үү, аль эсвэл зан араншингаасаа болсон уу, “орондоо хууль засдаг” хочийг хүртэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр УИХ-ын даргын суудлаас мултарсан. Гэхдээ түүний мэдлэг, туршлагыг  нь монголын төр өдий хүртэл хэрэглэсээр ирсэн, тэр өөрөө ч эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд өөрт байгаа бүхнээ зориулж зүтгэсэн. Тэрээр огцрохдоо хэлсэн үг нь бас л зэвүүн. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Туулай гүйцэгдэж л таараа” гэж хэлсэн.

Монголчууд 1990 онд 55 хуулийн хүрээнд аж төрж байв.Одоо харин 900 орчим хууль үйлчилж байна. Өөрөөр хэлбэл ардчилсан нийгэмд шилжиж эхэлсэнээс хойш 800 хууль батлагдаж, бидний амьдралыг зохицуулж байна. Батлагдаж гарсан хуулийн тоогоор эрх зүйт төрийг байгуулсан гэвэл хангалттай л тоо. Энэ олон хуулийг ерэн оноос хойш өнөөг хүртэл долоон удаагийн УИХ-ын сонгууль явагдаж нийтдээ 76 х 7=532 хууль санаачлагч хууль тогтоогчийг сонгож ажиллуулжээ. Тэдний нэгээр сонгогдож, парламентад 26 дахь жилдээ ажиллаж байгаа Ц.Нямдоржийн хувьд энэ 800 хуульд түүний хөдөлмөр шингэжээ. Энэ бүх хуулиуд төрж гарах нийгмийн хэрэгцээ, шаардлагыг судалж, хуулийн төсөл өргөн барих,  хуулийг шинэчилж, найруулах, ацаг шүдний зөрүүг арилгахад санаа тавьж, сэтгэл, зүтгэл гаргаж ирсэн түүнийг мэргэшсэн парламентч гэж хэлэхгүй юм бол өөр хэнийг хэлэх билээ. 

 

Тэр хэнээс ч халгаж хургалгүй, хэлье гэснээ шулуухан хэлчихдэг нэгэн. “Монголын хууль зүйн орчин муу биш ээ. Ном журмаар нь хэрэгжүүлэх  сэтгэлтэй хүн томилчихвол ажил нь журмаараа л явчихдаг. Муу хүн оччихвол хэчнээн сайн хууль байгаад ч нэмэр байхгүй. Өнөөдөр боловсролтой хулгайч нар хууль хяналтын байгууллагын толгой дээр нь суучхаад хуулийг “алж” өгч байна шүү дээ. Хүний эрхийн тухай ярьж болохоо ч байж. Өөрт нь ашигтай мэдүүлэг өгөхгүй бол шүүх хуралд оролцуулахгүйгээр хязгаарладаг болсон байна. Би ийм дампуурлыг Монголын төрд 40 жил үзээгүй. УИХ үүнтэй тэмцэх хэрэгтэй байна.” гэж хэлсэн.  Хуулийн салбарт дан ганц мэдлэг, боловсролыг голлох бус, хүн чанартай мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж, томилох эрэлт хэрэгцээ их байна. Сайхан сэтгэлтэй, зөв хүмүүжсэн мэргэжилтэн, ёс жудагтай хуульчид үхэр тэрэг хөлөглөсөн ч бушуу туулайг гүйцэж л таарна. Мөн биз.

 

 3.Төрийн нэгдмэл байдлыг хангаж л таарна. Мөн үү!

Прокурорын байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их Хурал гэсэн гурвалжин дотор бараг насаараа эргэлдэж төлөвшсөн, төрийн эрх мэдлийн бүхий л салаа мөчирт гуч гаруй жил хүчин зүтгэсэн төрийн хар хүний хувьд  Ц.Нямдорж төрийн нэгдмэл байдлын талаар дуугарч эхэллээ. Тэрээр Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулсны дараа “Засгийн газрын шийдвэрийг зүгээр нэг шүүгч хянаад танил талын захиалгаар шийдвэр гаргадаг болсон байна. Үндсэн хуульд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө эсвэл УИХ хүчингүй болгоно гээд заачихсан. Захиргааны  шүүхэд Засгийн газрын шийдвэрийг харьяалуулаагүй юм. 2005 онд гомдол гарсны дагуу Үндсэн хуулийн цэц хуралдаж, Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ нь хүчинтэй байгаа шийдвэр. Маргаан үүсгээд ажил боомилж хулгайч нарын талд захиалгаар ажиллаж байна. Энэ үнэнийг ард түмэн мэдэх ёстой. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүртэл тоодоггүй шүүхтэй болсон шүү. Анх Захиргааны шүүхийг байгуулах саналыг гаргаж  батлуулж байсан миний бие болохгүй бол Захиргааны шүүхийг татан буулгана шүү” гэж хатуухан хэлэв.

Судлаач Монтень төрийн эрх мэдлийг 3 салаа мөчирт хувааж мөн чанарыг тодорхойлсон. Энэ зарчмаар төрийн эрх мэдлийг Үндсэн хуульд оруулжээ. Гэтэл хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн хүрээнд бие биенийхээ чиг үүрэгт хутгалдаж оролцох явдал ямар нам эрх барьж буйгаас үл хамаарч гарч байлаа. Ардчилсан төрийн ийм хэлбэрийг үүнээс илүүг хүн төрөлхтөн олж чадаагүй байна гэж Черчиль хэлсэн гэж өмөөрдөг. Монтень, Черчиль нар ингэж хэлсэн л юм байгаа биз. Бид чинь 3000 жилийн түүхэн уламжлал бүхий тулгар төртэй монгол үндэстэн биш билүү. Тэгээд ч нэгдмэл төрийн бодлого, эв нэгдлийг эрхэмлэх нь юу нь буруу байна. Энэ үүднээс Ц.Нямдорж хэлээ биз. Ер нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн 3 салаа  мөчир маань галуу, хавч, загас гурав шиг гурван тийшээ зүтгээд байвал юу болох вэ. Монголын төр нэгдмэл байж чадаж байна уу, өнөөдөр. 

Монголын тухайд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд буюу сайд нар, Дээд шүүхийн гишүүд, прокурор  болон түүний орлогчид, Үндсэн   хуулийн  цэцийн гишүүдийг хамруулаад  нийтдээ  108-аас цөөнгүй төрийн өндөр дээд  албан тушаалтан байна. Тэдгээрийн 90 орчим нь улс төрийн өндөр албан тушаалтан юм. Энэ бол парламентын засаглалтай монголын төрийн толгой хэтэрхий данхайсан гэж шүүмжлээд байгаа сөрөг хүчний шүүмжлэл хэр үндэслэлтэй эсэхийг бэлээхэн хэлээд өгч байна.

 

Ардчилсан үйл явцад буюу сүүлийн 30 жилийн турш төрийн тухай либерал үзэл санааг илүүтэй сурталчилсанаас тэр үү, хувь хүний нийгэмд эзлэх байр суурь “томорч”, харин төр, түүний удирдлага, байгууллагын нөлөөллийг үгүйсгэх, багасгах явдал газар авч байна. Тодруулж хэлбэл төрийг жижгэрүүлж, дорой байдал руу түлхэх, чиг үүргийг нь бүдгэрүүлэх хандлага илт ажиглагдах болжээ. Иргэний нийгмийн байгууллагууд ч төртэйгөө зөрчилдөх гэж зүтгэх болж. Иргэдийн хязгааргүй эрх чөлөөний тухай либерал үзэл санааны суртал ухуулга иргэдийг төрийн эсрэг турхирч,  иргэний эрх, эрх чөлөөг баталгаагүй болгож байна. 

Харин удирдах албан тушаалтны ёс суртахууны төрх байдал олон нийтийг сэтгэл зовоох түвшинд хүрчээ. Нэг бол магтаж нэгдэх, нөгөө бол муулж саринахын туйлд савалсан монголын улс төрийн амьдралд өрнөсөн үйл явдлууд гишүүдийг хэрээ мэдэж, чинээгээ бодож явахыг байнга л сануулна. Ийм шаардлага Ц.Нямдоржийг тойроогүй, харин түүнийг  ширмэл улаан нүүртэй, шивээ хурц хэлтэй, ган төмөр зүрхтэй болгожээ. Тиймээс хууль дээдлэх зарчмыг ёс зүйтэй хослуулж ашиглахыг Ц.Нямдорж хичээх болж. Төрийг зөвхөн хуулийн хүчинд дулдуйдах бус ёс зүйд хослон түшиглэх арга илүү үр нөлөөтэй механизм болж байна.   

Мөн биз.

 Доктор /PhD/, профессор Д.БАТМӨНХ

Э.СОДНОМПИЛЖЭЭ “ДЭЛХИЙН ЦОМ”-Д ДӨРӨВ ДЭХ УДААГАА ТҮРҮҮЛЭВ
Э.СОДНОМПИЛЖЭЭ “ДЭЛХИЙН ЦОМ”-Д ДӨРӨВ ДЭХ УДААГАА ТҮРҮҮЛЭВ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​