"НАРНЫ ХҮҮХДҮҮД"-ТЭЙ НААДАЖ ӨНЖСӨН НЭГ ӨДӨР - Сурвалжлага -


“НАРНЫ ХҮҮХДҮҮД” ТӨВИЙН АВЬЯАСТНУУДАД ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ ГАРДУУЛЛАА

      2011 онд Япон улсад газар хөдлөлтийн улмаас цунами болж олон иргэд амь насаа алдан, Японы ард түмэн хүнд хохирлыг амссан билээ. Байгалийн давагдашгүй хүчний өмнө ямар ч хөгжилтэй орны иргэд өвдөг бохирохын жишээг бид тэндээс харж, харамсан шогширч суусан. Харин гамшигт өртсөн бүс нутгийн ард иргэдэд туслах хандивын аян өрнүүлэхийг олон улсын сэтгүүлчид уриалсаар байсан энэ үед Монгол улсаас тэр дундаа Дархан-Уул аймгийн “Нарны хүүхдүүд” халамжийн төвийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолт хийж, олсон бүх мөнгөө Японы ард түмэнд илгээснээр Монгол улс, Монголын ард түмний нэрийг өндөрт өргөсөн үйл явдал болж байв.

     Тэгвэл тун удахгүй тус төвийн хүүхдүүд Япон улсын зорих болсон талаар мэдээлэл авч, “Нарны хүүхдүүд”-тэй Японы ард түмэн хэрхэн харилцаж буй талаар дэлгэрэнгүй сурвалжлахаар өнгөрөгч амралтын өдөр Дархан-Уул аймагт ажиллаа.

     Бид бямба гаригийн үдэш тус төвд очиход үл таних хүнтэй ч эвлэгхэн мэндлэх нэгэн охин “Маргааш манайд чухал арга хэмжээ болно” хэмээн онцлон өгүүлсэн юм. Маргааш нь буюу /2018-11-04/ ням гарагт бага үдэд ирэхэд “Нарны хүүхдүүд төв”-д урлагийн тоглолт болж байв.

     Тэд энэхүү тоглолтоо тун удахгүй Япон улсын зарим хотуудын ард иргэдэд толилуулах агаад, урьдчилан “Монгол Японы аз жаргалын нийгэмлэг” төрийн бус байгууллагын төлөөллүүдэд сонирхуулж байгаа нь энэ ажээ.

      “Нарны хүүхдүүд” төв Монгол улсын нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе буюу 2000 онд Английн “Хүүхдийг ивээх сан”-гийн дэмжлэгтэйгээ Монгол улсад байгуулагдсан анхны таван халамжийн төвийн нэг бөгөөд энэ төвийн тэргүүнээр Монгол улсын гавьяат багш, мэргэжлийн пионерийн удирдагч С.Эрдэнэчулуун 2002 оноос хойш ажиллаж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлжээ.

       Урлагийн тоглолтын найруулга язгуур урлаг болоод Монголын үндэсний дуу бүжиг, уран нугаралтын үзүүлбэрүүдэд суурилсан байх агаад тус төвийн бүх насны авьяастнууд ур чадвар, ид хаваа гайхуулан, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, баяр жаргал дүүрэн харцаар бяцхан тайзаа эзэгнэх нь бахдам сайхан байсан юм.

   Энэ зуурт төөрөг тавилангийн нугачаанд ээж ааваа алдан, амьдралын шуургыг сөрөн бяцхан цээжээ сийгүүлэн сийгүүлэн гүйж явсан тэр жижигхэн зүрхнүүдэд ирээдүйд итгэх итгэл, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөөх улалзан улалзан цоргиж буй тэмүүлэл зорилгынх нь цогонд цучил нэмэн өрдөж өгч буй энэ төвийн багш, ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчид, удирдлагад талархал илэрхийлмээр санагдсанаа тэмдэглэе.

     Тоглолт дууссаны дараа “Монгол Японы аз жаргалын нийгэмлэг” ТББ-ын тэргүүн П.Төмөрхуяг, "Дархан минж" ХХК-ны захирал Б.Анхболд, “Долоон болдог” группийн ерөнхий захирал С.Ганбаатар, “JMS bridge” ХХК-ийн захирал Ё.Долгорсүрэн нарын хамт тус төвийн хүүхдүүдэд бэлэг барив.

“Монгол Японы аз жаргалын нийгэмлэг” ТББ-ын төлөөллүүд

   Тэд Японы үндэсний хөгжмийн зэмсэг болоод орчин үеийн даралтад хөгжмүүд, бөмбөр, цохивор хөгжмүүдийг хүүхдүүдэд гардуулсан нь өнөөх охины хэлсэн “чухал” үйл явдал нь байж.

Энэ үеэр “Нарны хүүхдүүд төв”-ийн захиралтай цөөн хором хөөрөлдлөө.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ЭРДЭНЭЧУЛУУН:

“МОНГОЛ ЯПОНЫ АЗ ЖАРГАЛЫН НИЙГЭМЛЭГ” БИДНИЙ ГҮҮР БОЛСОН

     -Танай төв ардын урлаг, язгуур урлагаар дамжуулан хүүхдийн хүмүүжил төлөвшилд голлох нөлөө үзүүлдэг. Мөн хүүхдийг амьдрах арга ухаан, зөв дадал хэвшилд сургаж чаддаг нь анзаарагдлаа. Та байгууллагаараа бахархдаг уу?

    -Урлаг гэдэг өөрөө хүнийг тайвшруулж тайтгаруулдаг, хүч чадал, бие даах чадвар, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хүний тэмүүллийг хөглөдөг өвөрмөц ертөнц гэдгийг би урлагаар дамжуулан хүүхдүүдээ хүмүүжүүлж эхэлсэн цагаасаа мэдэрч байна. Ганц би ч биш манай төвийн бүх л багш ажилчид хүүхдүүдийнхээ хэрхэн өсч, хөгжиж буйг хараад аз жаргалыг мэдэрдэг. Хэдийгээр хүнтэй ажиллах, тэр дундаа хүүхэдтэй ажиллах амаргүй ч бүх бэрхшээлийг хүүхдүүдийн маань баяр хөөр мартуулж чаддаг. Хүүхдээ ажилсаг нямбай, сайн сурлагатай болгох нь багшийн хөдөлмөр, авьяаслаг хүүхэд төрүүлэх нь урлагийн багшийн хөдөлмөр. Ямар ч ажлыг түүртэхгүй хийж чаддаг ноён нуруутай өрх гэрийн тэргүүн, цэвэрч нямбай сайн эзэгтэй болоход амьдрах ухааны багш нарын маань хичээл зүтгэл их гавьяатай даа. Энэ сайхан багш нарын маань хүчээр манай гэр бүл өдий зэрэгтэй сайн сайхан яваа юм. Асар их гуниг гутрал тээж яваа хүүхдийн сэтгэл зүрхэнд байгаа тэр шаналлыг арилгахын тулд бид эхлээд хүүхдүүдээ ая тааваар нь байлгаж, хайрлаж халамжлах, халуун дулаан гэр бүлдээ уусгаж нэгтгэж авсны дараа авьяасыг нь нээн илрүүлэх, чиглүүлэх, урамшуулан дэмжих үйл явц руу шилждэг.

       -Та энэ байгууллагыг анх ямар байдалтайгаар хүлээж авсан бэ. Тэр цагаас хойш олон зүйл өөрчлөгдсөн үү?

    -2002 онд энэ ажлыг хүлээж аваад хүүхдүүдээ дахин хүмүүжүүлэх, төлөвшүүлэх шаардлага тулгарсныг ойлгосон. Тэгээд Монголын ардын урлаг, сурган хүмүүжүүлэх ухааныг судалж, Монгол ахуй, амьдрах ухаан, ардын урлагийг гол болгох нь чухал гэж үзээд энэ чиглэлээрээ тууштай ажиллаж эхэлсэн. Анх энэ төвийг хүлээж авахад нэг л байшинтай байлаа. Одоо тэр байшин маань хөвгүүдийн байр болсон. 2005 онд “Урлагийн сургууль”-ийн байраа, 2006 онд “Охидын төв”-ийн хоёр давхар байшинг, 2007 онд “Амьдрах ухааны төв”-өө байгуулсан. Харин 2016 онд “Авто угаалгын газар” барьж, энэ төвөөсөө төгссөн найман хүнийг ажлын байртай болгоод байна. Мөн оёдлын цехтэй, тэндээ хийсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулан хүүхдүүдийнхээ хувцас, хичээлийн хэрэгслийг авдаг. Түүнчлэн “Нарийн боовны цех”-ийнхээ бүтээгдэхүүний орлогоор цэцэрлэгийнхээ халамжийн бүлгийн хүүхдүүдийн хувцас хунарыг бэлдэнэ. Урландаа хийсэн бүтээлээ борлуулж, орлогоор нь урсгал зардлаа төлөх гэх зэргээр бид дор бүрнээ л хөдөлмөрлөдөг дөө.

     -Дархан-Уул аймгийн “хамгийн олон хүүхэдтэй танай гэр бүл” хэр өнөр вэ?

    -Манай төв 16 багш, ажилтантай. Өнөөдрийг хүртэл нийтдээ 56 хүүхэд манай төвийг төгссөн. Тэднээс маань 48 хүүхэд их дээд сургуульд орж, гадаадад 9 хүүхэд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 8 хүүхэд суралцаж төгсжээ. Бид одоогоор 25 хүргэн бэртэй, 26 ач гучтай болоод байна. Тун удахгүй ас бүл нэмэх гэж байна. Харин одоо манай төвд 40 хүүхэд байна.

     -Санхүүжилтийн хувьд төрөөс ямар төсөв олгодог бол?

   -Сард 3 сая 500 мянган төгрөг өгдөг. Бусад бүх зардлаа бид Монголдоо болон Японд тоглосон тоглолтын орлогоосоо нөхдөг.

     -Япон тоглодог гэснээс Монгол Японы аз жаргалын нийгэмлэгтэй хэрхэн хамтарч ажилладаг юм вэ?

    -Бид 2011 онд Японд болсон байгалийн гамшгийн дараа Дархан-уул аймагт тоглолт хийж 3 сая төгрөг цуглуулаад тэр мөнгөө Японы элчин сайдаар дамжуулан тус улсад хандивлаж байсан. Түүнээс хойш Фукушима аймгийнхан манай байгууллагын талаар судалж, уулзах хүсэлтэй байсан гэдэг. Азаар “Монгол Японы аз жаргалын нийгэмлэг”-ийн хүмүүстэй уулзан, манай байгууллагын сургийг гаргаснаар бид сүүлийн гурван жил дараалан Фукушимагийн хотуудад уригдан аялан тоглолт хийж байна. Японы талаас биднийг маш халуун дотроор хүндэтгэн хүлээж авдаг. Бид Японд гайхалтай нэр хүндтэй, NHK телевизээс эхлээд хэвлэл мэдээллийн олон байгууллагууд биднээс сурвалжлага авч байв.

    Манай хүүхдүүдийг тэд хамгийн том зочид буудалд хүлээн авч, хамгийн том арга хэмжээндээ урьж оролцуулдаг. Жишээлбэл өмнө нь бид тус улсад 10,000 салютын баярыг нээж, хотын дарга нь манай хүүхдүүдийн тоглолтыг шимтэн үзэж байв. “Монгол Японы аз жаргалын нийгэмлэг” биднийг Япон оронтой ингэж нягт хамтран ажиллах гүүр олж өгсөн. Өнөөдөр ч бас манай авьяаслаг хүүхдүүдийн сурч хөгжих үйл явцад бодит хөрөнгө оруулалт хийж, олон тооны хөгжмийн зэмсгүүдийг тэдэнд маань зориулж буйд баяртай байна. Харин манай хүүхдүүд Япон хөгжмийн зэмсгүүд болоод орчин үеийн даралтат хөгжмүүдийг Монгол үндэснийхээ хөгжмийн нэгэн адил сурч эзэмшин, ирэх жилийн 7-р сард тус улсаас ирэх төлөөлөгчдөд шинэ тоглолт толилуулна гэдэгт итгэлтэй байна.

     -Тун удахгүй танайхан Япон орныг зорино гэж дууллаа.

   -Тийм ээ. 11-р сарын 7-19-ний хооронд манай хүүхдүүд Япон улсад зочилж хоёр ч хотод тоглох юм. Бид өнгөрсөн хугацаанд нийтдээ Японы 14 хотод тоглосон. Жил бүр тус улсад очиж тоглолт хийдгийн учир нь төвийнхөө жилийн санхүүгийн зардлыг босгох, дэмжигчдийнхээ тоог ахиулах, Монголын ардын урлагийг Японы ард түмэнд сурталчлах, Японы соёл зан заншлаар суралцах зорилготой. Энэ хашаанд байгаа нийт байруудаас дөрвөн байшинг Японд тоглосон тоглолтынхоо орлогоор барьж байгуулсан.

“МОНГОЛ ЯПОНЫ АЗ ЖАРГАЛЫН НИЙГЭМЛЭГ” ТББ-ЫН ТЭРГҮҮН П.ТӨМӨРХУЯГ:

ХҮҮХЭД БҮР АДИЛ БОЛОМЖООР ХАНГАГДАН, СУРЧ БОЛОВСРООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ

    БЗД-ийн 16-р хорооноос ДИТХ-д сонгогдсон төлөөлөгч П.Төмөрхуяг “Япон Монголын аз жаргалын нийгэмлэг” төрийн бус байгууллагыг 2013 онд байгуулжээ. Тус байгууллагын үйл ажиллагаанд одоогоор Японы талаас 20 гаруй иргэн, Монголоос 10 орчим хүн нэгдсэн бөгөөд тэд Монголын хүүхэд багачуудын боловсрол, хөгжилд хөрөнгө оруулах, дэмжин туслах зорилготой юм байна.

    “Монгол Японы аз жаргалын нийгэмлэг”-ээс жил бүр хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан зорилтот бүлгийн хүүхдүүдийг хичээлийн хэрэгсэл болоод, Японы “Рандсэрү” брэндийн цүнхээр хангадаг уламжлал тогтсоныг дууллаа. Уг цүнх нь бага насны хүүхдийн нуруунд эвтэй, хойшоо унавал нурууны хамгаалалт болдгоос гадна газар хөдлөлт зэрэг гамшгийн үед толгойн дээрээ тавин өөрийгөө хамгаалахад зориулагдсанаараа онцлог ажээ.

    "Монгол Японы аз жаргалын нийгэмлэг” ТББ-ын тэргүүн П.Төмөрхуяг “Бид хэний ч хүүхэд ялгаагүй адил нөхцөл боломжоор хангагдан, сурч боловсроосой гэж хүсдэг. Тийм ч учраас төрийн бус байгууллагаараа дамжуулан зорилтот бүлгийн хүүхдүүдийн хөгжилд түлхүү анхаарч ажилладаг. Манай байгууллага тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаагаас Дархан-Уул аймаг дахь “Нарны хүүхдүүд” төвтэй хамтран ажиллаад гурван жил болж байна.

      Энэ төвийн маань авьяаслаг сурагчид жил бүрийн 11 сард Япон улсын зарим хотуудад аялан тоглолт хийдэг. Энэ арга хэмжээнд гүүр нь болж өгснөөр хүүхдүүд маань дэлхийн өндөр хөгжилтэй орныг нүдээр үзэх, соёл, уламжлал, зан заншилтай нь танилцах, мөн тоглолтынхоо орлогоор төвийнхөө үйл ажиллагаанд эдийн засгийн дэмжлэг үзүүлж занших нь ирээдүйд өөрсдийн хүч чадлаар эдийн засгийн чадамжтай, өөртөө итгэлтэй, мөнгийг зүй зохистой зарцуулж чаддаг иргэн болж төлөвшихөд нь нөлөө үзүүлнэ гэж итгэдэг. Мөн манай байгууллагаас Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Япон улсад борлуулах, Монголын язгуур урлаг, ардын урлагийг сурталчлах “Made in Mongolia” арга хэмжээг давхар зохион байгуулдаг” хэмээн тодотгосон юм.

“ДОЛООН БОЛДОГ” ГРУППИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ С.ГАНБААТАР

“JMS BRIDGE” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ё.ДОЛГОРСҮРЭН

"ДАРХАН МИНЖ" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.АНХБОЛД

ХӨГЖМИЙН БАГШ Н.ПҮРЭВ-ОЧИР:

АВЬЯАСГҮЙ МОНГОЛ ХҮҮХЭД ГЭЖ БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН

     -Танай шавь нарын тоглолтыг үзээд урлагаар хүүхдүүдийг хүмүүжүүлэх, тэдний сурах хөгжихөд эерэг нөлөө үзүүлнэ гэдэг гайхамшигтай юм гэж бодогдлоо. Таныг энэ төвд олон жил багшилсан гэж сонссон

    -Би 2004 онд Соёлын дээд сургуулийн хөгжмийн багшийн анги төгсөөд Дархан хотдоо ирж “Од” цогцолбор сургуульд ажиллахын хажуугаар оройн цагаар “Нарны хүүхдүүд” төвдөө хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн. Хүүхдийг ардын урлагаар дамжуулан хөгжүүлэх түүнчлэн Япон улсад эх орноо сурталчлах тал дээр бид сүүлийн жилүүдэд тууштай ажиллаж байна. 2005 онд энэ төв маань “Урлагийн сургууль”-тай болж, илүү өргөжин хөгжиж байна. Хүүхэд бүрийн авьяасыг илрүүлж, урлагаар дамжуулан тэднийг хөгжүүлэх боломжтойгоороо Монголын үндэсний өв соёл ямар гайхамшигтай болохыг мэдэрч явна. Өдгөө энэ төвийн анхны төгсөгчдөөс маань эргэн ирж ажиллаж эхэлсэн. Одоо би зөвлөх багш, найруулагчийн үүрэгт шилжиж байна.

    -Хүүхдүүдийн нүд галтай, сэргэг, тэмүүлэлтэй харагдаж байна. Тэдэнтэй харилцахад танаас ямар нэгэн онцгой арга барил шаардагддаг уу?

   -Эхэндээ хэцүү байсан. Сэтгэлдээ гуниг харуусал тээсэн бяцхан хүүхдүүдээс тоглолт бүр дээр баяр баясал нэхэх, шаардах хүнд. Ээж, аавын тухай дуу дуулахаараа уйлчихна, үзэгчдийнхээ өөдөөс эгц харж ч чаддаггүй хүүхдүүд цөөнгүй байсан. Гэхдээ энэ бол урлаг юм. Урлагийг бид бүгд хамтдаа бүтээж, хүн өөрийгөө хөгжүүлж өөрчилж болдог гэдгийг, эх орноороо бахархах, эх оронтой, ёс заншилтай, өв уламжлалтай байна гэдэг асар баян гэдгийг ойлгуулаад ирэхээр аяндаа хүүхдүүд маань өөрчлөгддөг. Нүдний гал нь эргээд сэргэдэг.

Тэгэхээр урлаг гэдэг хүний хүмүүжил төлөвшилд гайхалтай нөлөөтэй. Би энд ажилласан цагаасаа эхлээд авьяасгүй монгол хүүхэд гэж байхгүйг ойлгосон. Хүүхэд бүр хөгжих боловсрох боломжтой. Гагцхүү нөхцөл боломжийг олгоод, дэмжээд туслаад өгөхөд л хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө гэрэлтдэг юм байна гэдгийг анзаарч байна даа.

 

Сэтгүүлч Ю.Шүрэнцэцэг


Энэ мэдээ таалагдаж байвал: