Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокт газардлаа


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр эхэлж буй "Дорны эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцохоор ирлээ.

Ерөнхийлөгчийг Владивосток хотын олон улсын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд И.К.Азизов, Приморын хязгаарын Амбан захирагчийн орлогч Д.Ф.Братыненко, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын орлогч А.И.Яковлев, Приморын хязгаарын Амбан захирагчийн тамгын газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал А.Ю.Старичков нар угтан авсан юм.

Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалт энэ жил "Алс Дорнод-боломжуудын хил хязгаарыг тэлэх" сэдвийн дор зохион байгуулагдаж байна. 

"Дорнын эдийн засгийн чуулга уулзалт"-д оролцох Ерөнхийлөгчийн айлчлал "Россия" сувгийн "Вести в субботу" нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч С.В.Брилёвт ярилцлага өгснөөр эхэлсэн. Үргэлжлүүлэн өнөөдөр Ерөнхийлөгчид Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар бараалхана.

Владивостокийг зорьсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Батзориг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Гансүх, Т.Тэгшжаргал, Ц.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж болон бусад албаныхан багтжээ.

 

Эх сурвалж: ТАСС фото

 

 

 

 

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал: