Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хурдан дааганы уралдаан Хүй долоон худагт бариаллаа. Дааганы уралдаанд энэ жил 300 гаруй даага бүртгүүлснээс нас, шүдээр 100 гаруй нь хасагдаж, 230 орчим нь уралдсан. Эдгээр хурдан буянаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат, Монгол улсын алдарт уяач Жадамбын Бат-Эрдэнийн бор даага тасархай түрүүллээ.
Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат, Нэргүйн Баярхүүгийн хурдан зээрд даага аман хүзүүнд хурдалсан бол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрхүрээгийн Төрмөнхийн зээрд, Ховд аймгийн Мянгад сумын харъяат Батбаярын Энхбаярын хурдан хар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат н.Батбаярын хээр айргийн тавд хурдалж, наадамчин олноо баясгалаа.