АТГ-аас Төрийн албан хаагчдын ХОМ-ийг ээлж дараалалтайгаар олон нийтэд дэлгэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Замын-Үүд дэх гаалийн байцаагчдын ХОМ-ийг NTV телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө онцолсон юм.
Тодруулбал: Замын Үүд дэх гаалийн байцаагч нар жилд дунджаар 18-25 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Гэхдээ 200 сая төгрөгөөс илүү үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг 17-н байцаагч байдаг аж.
Гаалийн байцаагчид дундаас хамгийн их орлого олох боломжтой газар бол Замын-Үүдийн боомт гэх яриа бий. Тухайн боомтонд 100 гаруй улсын байцаагч нар ажилладаг байна. Тэдний дунд жилийн орлого нь дунджаар 1 тэрбум төгрөгийн орлоготой хоёр иргэн байна. Тодруулбал “Дэмбэрэлийн Гэрэл” жилд 16 тэрбум, 746 сая,588 мянган төгрөгийн орлоготой. Гэхдээ 60 сая төгрөгийн нэг орон сууцнаас өөр хөрөнгөгүй гэсэн байна. Харин түүний араас 15 тэрбум 236 мянган төгрөгийн жилийн орлоготой хэмээн Пүрэвийн Буянтогтох гэх иргэн удаалсан байна. Дээрх хоёр хүнээс бусад нь тийм ч өндөр орлогогүй ч дийлэх нь өндөр өртөгтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.
Тэдний орлогын эх үүсвэр эзэмшдэг хөрөнгийн хэмжээтэй зохицож байгаа эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох учиртай. Одоогоос хоёр жилийн өмнө Замын-Үүд дэх боомтонд гэнэтийн шалгалт хийхэд байцаагч нарын биед их хэмжээний бэлэн мөнгө хадгалагдаж байсан, мөн 159 албан хаагчаас 35 нь их хэмжээний мөнгө, орлогоо нуусан мэдүүлэгтээ мэдүүлээгүй гэдэг нь нотлогдож байсан билээ. Их хэмжээний мөнгө гэдэг тухайн үед 48 сая төгрөгөөс их хэмжээний мөнгийг хэлдэг байлаа. Энэ шалгалтаар илрүүлсэн зөрчлийн улмаас 8-н байцаагч шүүхээс ял авч, 28 иргэн хэрэгт холбогдож байсан юм. Гаалийн байцаагч нар авилгал авдаг гэсэн хардлагыг анх удаа бататгасан түүх ийм байдаг байна.
PAPARATSI.MN