'
Аваргуудын лигт жинхэнэ шуугиан дэгдэв. Хагас шигшээгийн эхний тоглолтод “Барселона” Италийн “Рома” багийг талбай дээрээ 4:1-ээр бут ниргэсэн бөгөөд хариу тоглолтод баараггүй ялагчийн хувиар оролцсон билээ. Гэвч урд шөнө Ром хотод каталончууд хаалгандаа гурван бөмбөг алдаж, 0:3-ын харьцаатайгаар хожигдсоноор тэмцээнийг орхисон байна.
Ром хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Эдин Жеко зургаа дахь минутад, Даниере Де Росси 58 дугаар минутад торгуулийн цохилтоос, Костас Манолас 82 дугаар минутад гоолджээ. Ром хотын баг хоёрдугаар давхарт эсрэг багаа илүүрхсэн бөгөөд шийдвэрлэх гурав дахь гоолыг мөргөж оруулсан юм.
Каталончууд тоглолтын явцад бөмбөгийг илүүтэйгээр эзэмшсэн ч эсрэг багийнхаа хаалга руу ердөө найман удаа цохисон гэнэ. Тэгвэл “Рома” 16 цохилтыг гүйцэтгэжээ. Хоёр тоглолтын нийлбэр дүн 4:4 болсон ч “Рома” айлын талбайд гоол оруулсан гэдгээрээ цааш явах болзлыг хангажээ. Нөгөөдөр сугалаа болж тэдний өрсөлдөгч баг тодорно.