Энэ сарын эхээр Их Британид Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг мэдрэл саажуулах химийн бодисоор хордуулсан хэрэгтэй холбоотойгоор Оросын 60 дипломатчийг нутаг буцааж, Сиэтл хот дахь Оросын Консулын газрыг хаахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.
“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт буюу өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна.
Цагаан ордны мэдэгдэлд “Их Британийн нутаг дэвсгэрт цэргийн зориулалттай химийн зэвсэг ашигласны хариуд манай улс ийм арга хэмжээ авч байна” гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-аас “хөөгдөж буй” дипломатчдын дунд НҮБ-д болон Вашингтон дахь Оросын ЭСЯ-нд ажилладаг хүмүүс бий бөгөөд тэднийг Оросын тагнуулын албаныхантай холбоотой гэж АНУ үзэж байна.
Европын Холбооны /ЕХ/ улсууд мөн өчигдөр АНУ-ын адил Оросын дипломатчыг хөөж байгаагаа мэдэгдсэн байна. ЕХ-ны Ерөнхийлөгч Дональд Туск мэдэгдэхдээ “Их Британид болсон химийн халдлагын улмаас ЕХ-ны гишүүн 14 улс Оросын дипломатчдыг нутаг буцаах шийдвэр гаргалаа” гэжээ. Чухам ямар улс орон дипломатчдыг хөөж байгааг тэрбээр тодорхой хэлээгүй байна. Гэхдээ ЕХ-ны гишүүд болох Герман, Франц, Эстони, Латви болон Литва улс Оросын дипломатчдыг хөөж байгаагаа мэдэгдээд байгаа юм. Хэрвээ ОХУ Их Британид болсон хэргийн талаар тодорхой тайлбар өгөхгүй бол ойрын өдрүүдэд нэмэлт арга хэмжээ авах болно гэж Д.Туск анхааруулжээ.
Дипломатчдыг хөөж байгаатай холбогдуулан ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов мэдэгдэл хийхдээ “Дипломатчдыг хөөж байгаа нь маш буруу шийдвэр юм. Их Британид болсон хэрэгтэй Орос холбоотой гэх ямар ч нотолгоо байхгүй” гэжээ.
АНУ, ЕХ-ны улс орнууд Оросын дипломатчдыг эх орноосоо хөөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.