Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат А.Манкаа, О.Гүнжээ гэх азай буурлууд өнөөдөр 72 жил хамтдаа амьдарсны очир эрдэнийн хуримаа хийжээ. Тэд 1946 онд гал голомтоо бадраасан ба өрх гэрийн эзэн А.Манкаа 96, харин О.Гүнжээ эмээ 92 насыг зооглож байгаа ажээ.
Тэд хамт амьдрах хугацаандаа 8 сайхан хүүхдийг өлгийдөж авсан ба одоо тэдний үр, ач нийлээд 100 хол давжээ.
Дашрамд хэлэхэд монгол түмний хайртай тамирчин МУ-ын Хөдөлмөрийн баатар, Жүдо бөхийн дэлхийн аварга Олимпийн мөнгөн медальт Д.Сумьяа тэдний ач охин юм. Тэрээр хэлэхдээ хар багаасаа эмээ, өвөө дээрээ өссөн бөгөөд намайг тэмцээн, уралдаанд явах бүрт цагаан сүүгээ өргөж чин сэтгэлээсээ залбираад үлддэг гэжээ.
Очир эрдэнийн хуримийг 60 жилээс дээш хамтдаа энх тунх амьдарсан буурлууд хийдэг бөгөөд манай улсад жилд дунджаар 5 ийм хуримийг гэрлэх ёслолын ордонд ёсолдог байна. Харин энэ удаагийн хуримийн эздийн хувьд хамгийн олон жил ханилсан буурлууд ажээ.