sesli chat onur air ordu haberleri
Mar 8, 2017 1 comment

Хариуцлагатай үе маань хожмын өдөр бахархал болон үлдэнэ

нийтлэсэн Admin

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монголын Зэвсэгт хүчинд эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүрхээ зориулан манлайлагч болон гялалзаж яваа олон бүсгүйчүүдийн төлөөлөл болгож дэд хурандаа Г.Болорыг энэ удаагийн ярилцлагын хоймортоо урилаа.

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт Энхийг сахиулах асуудал эрхэлсэн НҮБ-ын байнгын орон тооны ажилтнаар ажиллаж байгаа энэ бүсгүйг 2009 онд Төв Африкийн Бүгд Найрамдах Чад улсад явагдаж байсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны Хүчний Командлалд Хүний нөөцийн офицер, 2011-2012 онд АНУ-ын Алабама муж дахь Агаарын цэргийн Команд штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй цэргийн алба хаагч гээд түүнийг тодорхойлох үйл хэрэг дэндүү олон. Тэр бол Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчдын манлайлагчийн нэг бол яахын аргагүй мөн.

Танд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг хүргэе?

-Баярлалаа. Юуны өмнө “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг Зэвсэгт хүчний удирдлага, журмын нөхөд болон монгол цэрэгт данстай хүн бүхэнд хүргэе. Мөн эрчүүдтэйгээ эн зэрэгцэн эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд хүчин зүтгэж байгаа бүсгүйчүүдэд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэнд хүргэе. Эх оронд минь урин хавар айлчилсан байх аа.

2016 онд та үүргээ амжилттай биелүүлэхээс гадна ээж хэмээх алдрын эзэн болсон байх аа. Эмэгтэй хүний аз жаргал бол ээж болох тэр агшин байдаг?

-Тэгэлгүй яах вэ. 2016 он бол миний хувьд амьдралд минь шинэ хуудас нээсэн, амьдралын минь баяр баясгаланг бэлэглэсэн үнэхээр сайхан жил байлаа. Ээж болно гэдэг эмэгтэй хүн бүрт өгсөн хорвоогийн жам. Миний хувьд энэ жаргалыг арай хожуу хүртсэн байх. Гэхдээ жаргалтай байна. Бидний бяцхан охин өдрөөс өдөрт өсөн торниж байна.

Та хариуцлагатай алба хашиж байгаа. Ажил ямар байна?

-Томилолт аваад анх ажиллаж эхэлсэн үетэйгээ харьцуулахад ажил маань гарт оржээ. Хугацаат цэрэгтэй жишбэл хал цэрэг болж байна гэсэн үг. Зэвсэгт хүчний удирдлагын итгэл найдварыг алдчихгүй юмсан, эх орныхоо НҮБ-д эзлэх байр суурийг бодсондоо хичээж ажиллах хатуу үүрэг надад бий. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө байна.

Энэ хариуцлагатай албанд Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэйчүүдийн төлөөлөл болон ажиллаж байгаа таниар бахархахгүй байхын аргагүй юм даа?

-Хүний итгэл олж авах амаргүй ч, түүнийг дааж явах нь илүү хэцүү юм. Энэ хүндэтгэлийг надад олон хүн хэлж байсан. Тэр бүрт нь баярлаж гүйхээс илүү хариуцлага алдах вий гэхээс маш их айдаг. Энэ хүндэтгэл намайг их аймхай болгож байгаа шүү. /инээв/

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт гадаадын цэргийн алба хаагчид олон ажилладаг уу?

-100 орчим цэргийн албан хаагчийн орон тоотой Энхийг сахиулах ажиллагааны газар нь бусад энгийн НҮБ-ын харьяа байгууллагуудаасаа бага зэрэг ялгаатай. Учир нь энд байнгын орон тоо гэж байдаггүй. Ихэнх орны офицерууд 2 жилийн гэрээтэй ирдэг. Зарим тохиолдолд 6 сараас 1 жилийн хугацаагаар сунгагдан ажиллана. Бүгд тухайн орноосоо НҮБ-д ажиллах эрх авсан, тодорхой шалгуурыг давсан дэд хурандаагаас дээш цолтой шилдэг гэсэн тодотголтой офицерууд ажилладаг. Түүнийгээ дагаад алдаа гарвал түүнийг нь уучлаад байдаггүй онцлогтой байгууллага.

Монголоос та ганцаараа юу?

-Миний хувьд энд ирж ажилласан анхны Монгол офицер болж байна. Ирээд удаагүй байхад зарим хүн “Монголын офицер гэсэн үү” гээд гайхаад асуугаад байдаг байж билээ. Тэгэхэд нь дотроо “Яагаад Монголын офицер ажиллаж болохгүй” гэж дурамжхан хүлээж авдаг байсан. Аажимдаа дэлхийн орнуудаас энд ажиллах офицеруудыг хэрхэн шалгаруулж авдаг, улс орнууд энэ байр суурийг олж авахын төлөө хэрхэн өрсөлддөгийг нь хараад ойлгосон. Танд ойлгомжтой байдлаар хариулахад НҮБ-ын Энхийг сахиулах газарт жилд дунджаар 850-950 офицерын хүсэлт ирнэ. Хүсэлтийг 3 үе шаттайгаар 6-8 сарын турш шалгаруулаад 10-13 офицерт эрх олгогддог гэхээр илүү ойлгомжтой болж байгаа байх.

Таны ажлын байр зөвхөн Монгол офицерт хадгалагдаж үлдэнэ гэж ойлгож байсан?

-Үгүй ээ. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын тавьсан шалгуурыг давж байж ажиллана. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд сайн оролцож байгаа гээд ажлын байрыг нь хадгалахгүй. Аль ч орны офицер энэ ажилд очихын төлөө өрсөлдөж байж шалгарах дүрэмтэй. Өнгөрсөн жил манай улсаас 3 офицер шалгалтуудаа амжилттай өгч, хамгийн сүүлийнхээ шалгуурыг давахад тун ойртсон. Ирэх жил бол шалгуураа давчих байх гэдэгт итгэж байна. Уг нь би өөрийгөө хаа ч явсан булган сүүлтэй байдаг даа гэж бодоод байгаа. Болох байх аа.

Та сонсогчоос дэд хурандаа хүртэл хэдэн жилийг Зэвсэгт хүчиндээ зориулан ажиллаж байгаа билээ?

-Нийт 23 жил болжээ. Эргээд харахад цаг хугацаа ямар хурдан өнгөрсөн юм бэ гэж бодох юм. Миний өнгөрсөн амьдрал сайхан сургууль, багш нар, хамт олон, гэр бүлийнхээ хүчээр харамсах зүйлгүйгээр л өнгөрсөн гэж хэлж болно. Гэхдээ энэ дундаас хамгийн хариуцлагатай үеийг одоо туулж байна уу даа гэж харах юм. Тийм ч учраас ажилдаа мэргэшиж ажиллахад маань тусалж дэмжиж байсан хүн бүхний сайхан сэтгэлийн төлөө бусдад чадах чинээгээрээ туслахсан гэж хичээж байна. Зарим маань намайг өндөр хөгжилтэй оронд ажиллаж байгаа, гэр бүлээрээ гадаадад амьдарч байгаа гэж харж магадгүй. Гэхдээ сайн сайхан зүйлсээс нь илүү хариуцлага үүрч, сэтгэлийн хаттай, тэсвэр тэвчээртэй байхыг шаарддаг юм байна. Хэрэв би алдаа гаргавал дэд хурандаа Г.Болор гэж харахгүй Монгол Улс, Монголын Зэвсэгт хүчин гэж харах учраас маш их хичээж байна. Одоогоор надад бөөн хариуцлага үүрч яваа мэт боловч хожмын нэг өдөр миний бахархал болон үлдэх байх аа.

Амжилттай яваа хүн бүрийн ард түшиг тулгуур нь болсон хань байдаг. Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?

-Ханийг маань Д.Хашхүү гэдэг, бас цэргийн хүн. Намайг наашаа явах томилолт авахад бидэнд шийдэх том асуудал тулгарсан нь манай хүний ажил байсан. Зэвсэгт хүчиндээ чамлалтгүй олон жил зүтгэсэн тэр тусмаа Үндэсний баяр наадамд хүндтэй байр суурь эзэлдэг Төрийн есөн хөлт цагаан туг залах ажлыг сүүлийн 6-7 жил хариуцсан Төрийм их тугч хүнийг ажлыг нь өгүүлчихээд аваад ирсэн дээ. /инээв/ Амьдрал өөрөө сонголт байдаг учраас халуун дулаан гэр бүлээ хадгалж үлдэх нь бидний сонголт байсан. Сонголт маань онож, бид хөөрхөн охинтой боллоо. Миний ханийн гүйцэтгэж байсан ажил монгол эр хүн бүрт тохиогоод байхгүй ховор ажил Төрийн минь тэр сайхан хийморь ханьтай минь хамт манай гэрийг дагаж хамгаалж яваа гэж итгэдэг.

Намайг энэ албанд сонгогдох шалгаруулалтад орж байхад манай онжав хурандаа Ч.Гандирваа “Найзыгаа шалгалтандаа тэнцвэл нэг бэлэг өгнө” гэлээ. Тэнцсэн хариугаа дуулаад өрөөнд нь очтол “За амласнаа өгье” гээд их гоё есөн хөлт цагаан тугны сувенир өгч билээ. Түүнийгээ энд авчраад гэртээ залсан байгаа болохоор тугчны минь сэтгэл нь өег байгаа байх гэж бодож байна.

Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Энэ цаг хугацаанд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байгаа болохоор цэргийн бүсгүйчүүддээ баяр хүргэмээр байна. Цэргийн бүсгүйчүүдийг зарим эрчүүд магтахдаа “Манай тэр муухан эрээс дээр шүү” гэж хэлдэг. Энэ нь бол эрчүүдээс монгол эмэгтэйд тэр тусмаа цэргийн эмэгтэйд өгч байгаа магтаал, урам юм. Тийм ч учраас Зэвсэгт хүчинд алба хааж байгаа нийт эмэгтэйчүүддээ муухан эрээс дээр ажиллаж амьдарцгаая гэж хэлье. Манай салбарт ажиллаж байгаа бүсгүйчүүдийн үүрэг оролцоо жилээс жилд нэмэгдэх учиртай. Дэлхийн халуун цэгт энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эрчүүдтэй эн зэрэгцэн ур чадвар шаардсан олон ажлыг манай эрэмгий зоригтой бүсгүйчүүд гүйцэтгэж байгаа нь тэдний маань ур чадвар, сэтгэл зүрхийг нь илтгэх байх аа.

Эх сурвалж: “Соёмбо” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Tsetsgee (March 14, 2017 8:14:37 pm )

    Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэйчүүдийн төлөөлөл болон ажиллаж байгаа eh orniihoo neriig undurt urguj yabaa shildegiin shildeg busgui Boloroodoo bayar hurgej ajild ni amjilt amidrald ni eruul enh az jargal husye.


http://www.seslichatvip.com sesli panel antalya rent a car
Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com