Oct 27, 2011 Leave a comment

Н.Алтанхуяг: Сонгуулийн жилийн төсөв ийм л байдаг

нийтлэсэн Admin
Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай төсвийн эргэн тойрон дахь асуудлаар уулзаж  ярилцлаа.

-Засгийн газар ирэх онд цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлэхээр 2012 оны төсвийг өргөн мэдүүлээд байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Иргэдийн хувьд “Цалин, тэтгэврийг төрөөс 53 хувиар нэмэгдүүлэхээр хувийн хэвшил, төрийн албан хаагч хоёрын дунд цалингийн асар их зөрүү үүсэх болж байна” гэж шүүмжлэх боллоо. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалин нэмэгдлээ, харин хувийн хэвшлийнхэн яах вэ гэдэг асуудал байна? 

– Цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг Засгийн газрын төвшинд ярьж хэлэлцэж байгаад шийдвэрлэсэн.  Засгийн газар цалинг нэмж болно, гэхдээ цалин, тэтгэврийг хоёр янзаар нэмэх нь иргэдийн амьдралд илүү хэрэгтэй юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл,  төрийн албан хаагчдын одоо авч байгаа цалинг тодорхой хувиар нэмчихээр өндөр цалинтай хүмүүсийнх илүү их нэмэгдээд бага цалинтай хүмүүсийнх бага нэмэгдэх болчихоод байгаа. Тийм учраас нэгдүгээрт,  энэ аргачлалаа өөрчлөөд эхний ээлжинд төрийн албан хаагчдын цалинг их бага гэлтгүй 80 мянган төгрөгөөр нэмье. Дараа нь хувиар нэмье гэдэг л байр суурийг Засгийн газар баримталж байгаа юм. Тийм учраас цалин багатай нь бага нэмэгдээд, өндөр цалинтай нь их нэмэгдээд байдгийг жаахан өөрчлөөд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг ойртуулах, тэгшитгэх бодлогыг Засгийн газар барьсан. Хоёрдугаарт, бүх юмны үнэ өсч байгаа энэ үед цалин, тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэх шаардлага байна.  Мэдээж, төрийн албан хаагчдын цалин өсөхөөр хувийн хэвшлийн ажил олгогчид чирэгдэх нь ойлгомжтой. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн хөдөлмөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилчдаа чадваржуулах чиглэлээр ажиллах хэрэгтэй байх. Тэгэхгүй бол төр, хувийн хэвшил гэж ялгалтгүй иргэдийн цалин хөлсний үнэлгээ маш бага байгаа шүү дээ. Энэ нь хөдөлмөрийн үнэлэмжийг  бууруулж байгаа.  Хөдөлмөрийн бүтээмж муу байхад учир утгагүй өндөр цалин өг гэж бид хэлээгүй. Энэ удаад хувийн хэвшлийнхэнд Засгийн газраас ямар анхааруулга өгч байгаа вэ гэхээр хөдөлмөрийнхөө бүтээмжийг сайжруулахал анхаар. Ажилчдынхаа цалинг нэмэх,  үр бүтээлтэй ажиллуулахад хувийн хэвшил хүссэн хүсээгүй анхаарлаа хандуулахаас өөр аргагүй. Хэрвээ хувийн хэвшил цалингаа нэмэхгүй бол сайн ажилтнуудаа алдана гэсэн үг шүү дээ.

– Засгийн газрын энэ шийдлээс болоод одоо 110 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа иргэн ирэх оноос нэмэгдлээ оруулан тооцвол 160 мянга орчим төгрөгийн тэтгэвэр авах болж байна. Гэтэл хувийн хэвшилд ажилладаг иргэн 140400  төгрөгөөс татвараа төлөөд 126000 орчим цалин авна.  Цаашлаад, төрийн албан хаагчдын дундаж цалин 600 мянган төгрөгт хүрэхээр байгаа. Хувийн хэвшлийнхний 126 мянга төгрөгийн цалин нэмэгдэх эсэх нь эргэлзээтэй. Яг үнэндээ баялаг бүтээх салбарт ажиллаж байгаа хүмүүс төрийн албан хаагчдаас хэд дахин бага цалин авах нь байна шүү дээ?

-Хувийн хэвшил, хувийн хэвшил биш гэж  хоёр хуваагдаж олон, цөөнх болоод яах нь  вэ. Цөөхөн монголчууд байна. Нэг улсын иргэд. Байгаа нөхцөл байдлаа ойлгоё. Авдаг цалин хөлс нь ахуй амьжиргаанд нь хүрэх чиглэл рүү явъя. Үүнийгээ хоосон  амаар нэмэх биш, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж явъя гэсэн дохиог өгч байгаа гэдгийг хувийн хэвшлийн ажил олгогчид сайн ойлгох ёстой. Энэ чиглэлд бүгдээрээ ажиллах хэрэгтэй байна.  Өнгөрсөнтэйгээ, өнөөдрийнхтэйгөө, байгаа байдалтайгаа зууралдаад яах юм. Би ч гэсэн нэг жижиг аж ахуйн нэгжийн захирал байсан бол төрөөс ийм дохио ирлээ, би яаж ажиллах вэ, ажилчдынхаа цалинг хэр нэмэх вэ, ажилчинаа алдахгүй байх ямар боломж байна вэ гэдэг аргыг хайна. Жишээ нь,  яаж ажиллавал  хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх вэ гэдэг аргыг би бодолцоно. Зүгээр суугаад байгаа нөхөрт зүгээр мөнгө өгөхийг хэн хүсэх вэ.   Хэрэгтэй, хэрэггүй олон ажилчинг ажиллуулах ёстой юу. Энэ бол ажил олгогчийн цэвэр бодлогын асуудал. Төрийн бодлого гэдэг шиг хувийн хэвшлийн ажил ч бодлогоор зохицуулагдах учиртай юм. Хувийн хэвшлийнхэнд хандаж хэлэхэд бодлого сайн бод.  Тэгэхгүй бэлэн зэлэн, “Та нар ингэчихээр би тэгчихлээ” гэдэг яриагаа болих хэрэгтэй. Амьдрах арга барилаа өөрчилцгөөе л дөө.

– Цалингийн өсөлт танай намаас дэвшүүлээд байгаа “Эдийн засгийн хувьсгалыг эхлүүлье, өрх гэрийн орлогыг нэмэгдүүлье” гэдэг хөтөлбөртэй тань хэр нийцэж байгаа юм бэ?

-Ерөнхийдөө дүйцнэ.

-Яаж дүйцэж байгаа гэж. Хувийн хэвшлийнхэн заавал олон хүн ажиллуулах алба байна уу гэж та асуусан. Нэг ажилтныхаа цалинг нэмэхийн тулд нөгөө ажилтнаа халлаа. Энэ нь эдийн засгийн хувьсгал мөн үү. Ингэснээр өрх гэрийн амьдрал сайжрах уу?

– Төсвийн албан хаагчдын цалин амьдралд нь элбэг, дэлбэг хүрэлцдэг гэж та болдож байна уу. Хувийн хэвшлийнхний цалин ч  өнөөдөр зарлагаа дийлэхгүй байна.  Төрийнхөн нь ч, хувийн хэвшлийнхэн нь ч  аль  аль нь цалингаараа амьдарч чадахгүй байна. Тийм учраас яваандаа олон төрлийн юманд самгардаж бодохоосоо илүүтэй яг энэ ажлыг түс тас хийгээд түүнээс авсан мөнгөө амьдралдаа зарцуулдаг бодлого руу л чиглүүлж байгаа юм.

-Яг үнэндээ цалингийн 53 хувийн нэмэгдэл нь монголчуудыг төрийн албанд ажиллах сонирхлыг өдөөгөөд байгаа юм биш үү.  Төр улам данхайгаад, хувийн хэвшлийнхэн нь улам л давжаараад?

-Мэдэхгүй ээ, цалин 53 хувиар нэмлээ гээд төрийн албанд орох хүний тоо нэмэгдэж байна уу, үгүй юу гэдэг судалгааг би хийж үзээгүй.  Би төрийн албан хаагчдыг бас тоолж үзээгүй юм байна. Ер нь ч тэгээд төрийн албан хаагчдын цалинг 53 хувь нэмэгдүүлнэ гээд Засгийн газраас зарлангуут хэчнээн хүн төрийн алба руу шилжээд орсныг хэлж чадах хүн байна уу. Монголчууд бид алийн болгон бие биетэйгээ барьцалдаж, зууралдаж, хэрүүл хийж амьдрах юм бэ. Нэгнийг нь цалин нэмэгдэж л байг дээ. Нэг хүний тэтгэвэр ч гэсэн нэмэгдэж л байвал сайн хэрэг биш гэж үү.  Цалингаас бол хувийн хэвшлийнхэн чирэгдэх нь мэдээж. Гэхдээ давжаарах, жижигрэх шалтгаан болж чадахгүй.

-Төрийн албаны шалгалтанд нэг сард 100 шахам хүн өрсөлдөж байна. Дээр нь төрийн албанд ажилд орохын тулд хуурамч диплом хүртэл ашиглаж байна. Энэ  чинь  төрийн албанд орох сонирхол олон нийтэд их байна гэсэн үг биш гэж үү? 

-Ер нь бол “Эдийн засгийн хувьсгалын” нэг бодлого бол данхгар төрийг цомхон болгоно гээд хэлчихсэн шүү. Тэр нь цалин хөлс нэмэгдлээ гээд төрийн албыг данхайлгаад,  зүгээр сууж амьдрагсдын тоог нэмэгдүүлнэ гэсэн үг огтхон ч биш. Тийм учраас энэ бол харин эдийн засгийн агуулгатай нийцэхгүй эсрэг зүйл гэж ойлгох хэрэгтэй.

-Засгийн газрын хувьд хэр даацтай төсвийн төсөл боловсруулсан гэж та хувьдаа дүгнэж байгаа вэ. Төсвийн төсөлд дурдсанаар бол сая, сая төгрөгийг бэлнээр цацна?

-За яах вэ, Засгийн газар дээр их олон удаа ярьж байгаад нэг их даацтай юм уу, нэг их мундаг төсөл барьчихсан юм биш.  УИХ-ын 2008 оны сонгуульд Ардчилсан нам, МАН-ууд өрсөлдөхдөө амласан зүйлээ ард түмэндээ гүйцээгээд өгөхөөр л шийдсэн юм. Ард түмнээ худлаа хуурч  болохгүй биз дээ. Нэгэнтээ л газрын доорх баялгаасаа олсон орлогыг ижил тэгш хэмжээгээр хуваарилна хэмээн амалчихсанаас хойш. Эдийн засгийн агуулгаараа  зуун хувь мундаг төсөв болсон гэж бодохгүй байгаа. Олон түмэнд хэлсэн ярьсан амласнаа хэрэгжүүлэх талдаа ерөнхийдөө халамж руу илүү их чиглэсэн төсөв болсон гэж бодож байна. Ер нь бол сайн төсөв болсон гэхэд хэцүү.

-Намуудын сонгуулийн амлалыг биелүүлэхийн тулд их мөнгө амалсан ирэх жилийн төсөв үнэндээ инфляцийн инерцийг хурдасгаж байна. Инфляцийн өсөлт үнэндээ сая сая төгрөг тараах гэж тэр эмзэг бүлгийнхэнд илүү дарамт учруулдаг?

-Сөрөг зүйл гарахыг үгүйсгэхгүй ээ, наадах чинь эдийн засгийн агуулгаар нь харах юм бол 100 хувийн мундаг төсөв биш. Олон нийтэд хэлсэн ярьснаа биелүүлэх талд чиглэсэн төсөв. Сөрөг үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй байна. Ирэх оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Тэрнээс өмнө хэлсэн ярьсан зүйлээ хийх нь зүйтэй биз дээ, МАН ч, манай нам ч ингэж үзсэн, шийдвэрлэсэн.

-Амлалтаа арай өөрөөр хэрэгжүүлж болохгүй байсан гэж үү. Бэлэн мөнгө тараахаасаа илүү хувьцаа хэлбэрээр эх орны хишгийг иргэдэд өгч болохгүй байсан юм уу?

-Сонгууль болдог  жилийн төсөв нь нэг иймэрхүү их мөнгөний даллагатай батлагддаг шүү дээ. Инфляци өсдөг нь ч үнэн. Энэ бол шинэ үзэгдэл биш.

 -Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг танай намын нэр бүхий гишүүд тавиад байгаа. Энэ асуудалд нам тэр дундаа бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудлыг авч хэлэлцээгүй байгаа. Тийм учраас байр суурь нэгтгэгдээгүй байгаа гэж ойлгож болно.

-Та тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьсан нэр бүхий гишүүдтэйгээ  биечлэн уулзаж энэ талаар ярилцаж үзсэн үү?

-Яриагүй.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл дээр Ардчилсан намын байр суурь хэвээрээ юу?

-Хэвээрээ.

Г.Дарь

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com