Jan 12, 2016 1 comment

Засгийн газрын хуралдааны товч мэдээ

нийтлэсэн Admin

zasgiingazar– Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д өөрчлөлт, мөн 2008 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хилээр нэвтрүүлэх байлдааны зориулалттай хэрэгсэл, техникт экспорт, импортын лиценз олгох журам”- д нэмэлт, өөрчлөлт орууллаа.

– Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг 2016 онд тэмдэглэхээр шийдвэрлэж, ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг зохион байгуулах хорооны дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

– “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг баталлаа. Тус газрын захирлыг томилон, зохион байгуулалтын бүтэц, захиргааны албан тушаалтны жагсаалт, орон тооны норматив, дипломат байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

– Хэмжил зүйн тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

– Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар болон БНФУ-ын Сансар судлалын үндэсний төвийн хооронд байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд Санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад олгохоор тогтлоо.

– УИХ-ын гишүүн А.Бакейн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

– УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

– Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (January 12, 2016 9:22:44 pm )

    Эрх баригчид ардчилал тогтлоо гэж уран үгээр уянгалуулан зарлаж байхад ард түмэн “ардчилал” ерөөсөө худал юм, бүтсэнгүй хэмээн хашгирч байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэх мэт ардчиллын үнэт зүйлс өнөөдөр нэгэнт бүтсэнгүй. Харин эрх баригчид өнөөдөр энэ бүхэн биелэгдчихлээ хэмээн зарлаж байна. Энэ ямар их зөрчил вэ? Эрх баригчдын амаар ертөнц хувирахгүй нь даана ч харамсалтай. Даргын биш хуулийн засаглал тогтчихлоо хэмээн худал залж байхад эрх мэдэлтнүүдэд хууль үйлчлэхгүй байгааг ард түмэн нэгэн дуугаар шүүмжилж байна. Аливаа орны эрх баригчдын хамгийн том алдаа бол ард түмнийг усан тэнэг гэж боддог явдал гэдэг. Ард түмнийг хуураад байж болно гэсэн эрх баригчдын хүсэл хэзээ ч биелэгдэхгүй. Ардчилал хэмээн хүн төрөлхтний үнэт зүйлийг монголын хөрсөнд нутагшуулах хүндтэй үүрийг эрх баригчид биелүүлж чадсангүй. Өнөөдөр тэд нэгэнт бүтээж чадсангүй учраас худал ярьж, хууран мэхлэх үе шатандаа оржээ. Хаа сайгүй л худал уриа лоозон хашгирч байна. Уриа лоозонгоор ардчилал биелэхгүй нь харамсалтай. Эрх баригчдын “хугацаа” жил жилээр биш харин өдөр өдрөөр тоологдож эхэллээ. Тэд өнөөдөр юу ч мэдэхгүй бас юу ч чадахгүй гэдэг нь тодорхой болжээ. Хүсэл байвч нэгэнт мэдлэггүй учраас хоосон ярихаас хэтрэхгүй. Тэд “мэдэхгүй”, “чадахгүй” гэдэг нь гарцаагүй үнэнд ялагдах болно. Философи, онолоос дэндүү гадуур улс төр хийх гэж оролдоод өнөөдөр үнэний өмнө сөхөрч байна. Тэдэнд боловсрол дутагдаж байна. Тэдэнд улс төр, нийгэм эдийн засгийн онол дутагдаж байна. Ардчиллын “алтан хараацайнууд” 1990 онд төрийг авсан шиг буцааж ард түмэнд өгөх цаг болжээ. Социализм ёстой муухай, ардчилал бол илүү сайхан гэж байсан боловч өнөөдөр манай нийгмийн бараг тал хувь нь социализмаа хсэж байна. Яагаад гэвэл тэнд шударга ёс, тэгш эрх байжээ. Харин хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдмал байсан ч хүмүүс илүү хангалуун амьдарч, нийгэм амар амгалан байжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ард түмний төрийг хэзээ буцааж өгөх вэ? Та бүхэн улс орныг авч явж чадахгүй гэдэг чинь ч харагдлаа. Ерөөсөө өнөөдрийн байдлаар төр засгийг АН, МАН аль аль нь хямралаас гаргаж, улс орныг хөгжилд хүргэж чадахгүй гэдгийг иргэд ойлгож байна. Хзээ төр засгийн эрх мэдлийг ард түмний гарт өгөөд өөрсдөө улс төрийн тавцангаас буух вэ?


Twitter Auto Publish Powered By : XYZScripts.com